Япон Улсын экспорт өнгөрсөн аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 20.5 хувиар нэмэгдэж, 11.8 их наяд иенд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр экспорт 14 сар дараалан нэмэгдсэн байна.
Экспортын орлого нэмэгдэхэд хагас дамжуулагч, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээл дэх эрэлт өссөн нь голчлон нөлөөлжээ. Тухайлбал, АНУ руу гаргасан экспорт өмнөх оны мөн үеийнхээс 23.9, БНХАУ-ынх 13.3 хувиар нэмэгдсэн аж. Мөн хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр электрон тоног төхөөрөмжийн эрэлт өссөн нь Японы экспортод эергээр нөлөөлжээ.
Гэвч экспортын орлогыг дагаад импортын зардал ч өссөн байна. Тодруулбал, Японы импорт аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 21.6 хувиар нэмэгдэж, 12.2 их наяд иенд хүрчээ. Үүний улмаас тус улс тухайн сард 476.5 тэрбум иений худалдааны алдагдалтай гарсан байна.
Э.Сондор