-92 хувийн саналаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв-
11.00 цаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор АН-ынхан өчигдөр бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Төрийн тэргүүний улс төрий эрх мэдэл, сонгуульт үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхийлөгч бол төрийн хамгийн өндөр албан тушаал. Тиймээс үүнийг “тэхийн зогсоол” болгох ёстой. Бүрэн эрхийнх нь хугацаа нэгэнт дууссан бол улс төрийн албан тушаалд дахин очих замыг нь хязгаарлах шаардлагатай. Төрийн тэргүүний эрхэм хүндтэй алба хашиж байсан хүн төрийн алба руу зүглэж, албан тушаал горилон, дотоодын сонгуульд нэр дэвших нь Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндэд халдсан явдал. Энэ байдлыг өөрчлөхийн тулд парламент Ерөнхийлөгчийн тухай хуулийг баталж, Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллах баталгааг хангах хэрэгтэй” гэсэн юм. Харин тус намын дарга О.Цогтгэрэл “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш зургаан жил төрийн албан тушаал эрхлэхийг хориглох шаардлагатай. Төрийн тэргүүний албан тушаал Монгол Улсад дарангуйлагчийн шинжтэй болж, авлига, хулгайн асуудалд холбогддог жишиг тогтлоо. Үүнийг өөрчлөхцаг болсон” гэв.
14.00 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 67 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Үүний дараа тэрбээр хууль тогтоомжид заасны дагуу чөлөөлөх үндэслэл, шалтгааны талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, саналыг нь сонссон юм. Үүнийг тоймлон хүргэе.
ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙНХЭН АРД ТҮМНИЙ ДУНД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА
-Л.Энхнасан (УИХ-ын гишүүн): Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг УИХ түүхэндээ анх удаа хэлэлцэж байна. Парламент үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж, үндэслэлээ олон нийтэд тайлбарлаж, танилцуулах ёстой болов уу. Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ та өөртэйгөө холбоотой ноцтой мэдэгдлүүдийг хараат бусаар шалгуулахын тулд заавал албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай юу. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа шалгуулах боломж байсан уу. Эсвэл хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах өөр ноцтой шалтгаан байв уу. Ер нь үүнийг ул суурьтай судалсан уу?
-У.Хүрэлсүх (Ерөнхийлөгч): Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эгзэгтэй мөч та бүхэнд тохиож буйг маш сайн ойлгож байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг нээлттэй явуулж буй учраас гадаад ертөнц тэр аяараа биднийг ажиглаж, анхаарч байгаа. Ерөнхийлөгчийн ажил бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холбоотой өндөр дээд албан тушаал. Энэ үүднээсээ надад ярих, ярихгүй зүйл олон бийг та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Одоогоор би Төрийн тэргүүний ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгсний дараа, иргэний хувиар ярих зүйл нэлээд гарах байх. Тиймээс хэлж ярьж буй зүйлсийг минь ойлгож, хүлээж авахыг бодоорой.
Ерөнхийлөгчийн нэр хүнд цэвэр байх ёстой. Гэтэл сүүлийн зургаан сарын хугацаанд миний нэр төрд эрээ цээргүй халдлаа. Хүний санаанд багтамгүй худал хуурмагийг зохиож, гүжирдлээ. Мөрөөрөө ажиллаж буй хүмүүсийг хүртэл энэ гүжирдлэгт оролцуулж, харлууллаа, хилийн чанад руу оргон зайлсан гэмт хэрэгтнүүд. Үүний цаана гэмт хэргийн бүлэглэл бий. Ажил хийлгэхгүй, ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байна. Энэ нөхцөлд надад ганцхан сонголт байгаа нь үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, Төрийн тэргүүний эрхэм хүндтэй нэр хүндийг сэргээх явдал. Үүнийг л бодож шийдвэрээ гаргасан.
-Б.Уянга (УИХ-ын гишүүн): Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, нэр төрөө сэргээлгэх шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байгаа. Гэхдээ ийм шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн гол шалтгаан нь төмөр замын тендерээс үүдэлтэй асуудал юм бол энэ ажлыг анхнаас нь гардаж гүйцэтгэсэн, голлох үүрэгтэй оролцсон, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсээс эхлээд шалгах ёстой гэж бодож байна.
-С.Цэнгүүн (УИХ-ын гишүүн): Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөгийн төсвийг захиран зарцуулжээ. Ерөнхийлөгчийн төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Та өнгөрсөн таван жилийн хугацаанд төсвийн зарцуулалттай холбоотой тайлангаа парламентад огт танилцуулаагүй. Бид таны тайлантай танилцах шаардлагатай гэж үзэж байна. Мөн таныг бүрэн эрхийнхээ хугацаанд хэчнээн хүнд одон, медаль гардуулж, төрийн шагналд хэдэн төгрөг зарцуулсан талаарх мэдээллээ олон нийтэд ил болгохыг хүсэж байна. Үе үеийн Ерөнхийлөгч нар үүнтэй холбоотой мэдээллийг нууцалж ирсэн нь төрийн шагналын нэр хүнд өнөөдрийн хэмжээнд унахад нөлөөлсөн.
-У.Хүрэлсүх (Ерөнхийлөгч): Ерөнхийлөгчийн төсөв нэмэгдсэн тухай асуудал хөндөгддөг. Ерөнхийлөгчид илүү зардал байхгүй. УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсны хувьд хажуудаа сууж буй хүнд хариулаад өгчихөөрэй. Тамгын газрын зардлыг Тамгын газрын дарга нь л мэддэг. Ерөнхийлөгч өөрөө мэдэх, оролцох боломжгүй. Гол зардал нь ажилтнуудын цалин байдаг. МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяанд шилжүүлсэн учраас төсөв нэмэгдсэн мэт харагддаг юм. Үнэндээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв мөнгө хэцүү. Техник хэрэгсэл, сандал, ширээгээ ч шинэчилж чаддаггүй. Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газрыг харж үзэн, дориун “хэдэн цаас” хуваарилаасай гэж та бүхнээс хүсье.
Одон, медаль, шагналын асуудал зовлонтой. Хэдэн мянган хүн материал ирүүлдэг. Ерөнхийлөгчийн хамгийн хэцүү ажлуудын нэг. Сүүлийн жилүүдэд миний баримталсан гол зарчим бол төрийн дээд шагналыг ахмадуудад түлхүү олгохыг зорьсон. Онцгой гавьяа байгуулсан залуучуудыг эс тооцвол ийм шагнал авсан хүмүүсийн олонх нь улс, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд.
УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГОО ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН
-Х.Ганхуяг (УИХ-ын гишүүн): Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэлж байна. Дэмжиж байна гэвэл тойргийнхоо иргэд, сонгогчдод зэмлүүлэх болов уу. Улсынхаа гадаад харилцааг энэ хэмжээнд хүргэчихсэн, нүдэнд харагдахаар бодитой олон ажил хийчихсэн хүнийг дэмжиж байгаад явуулна гэдэг хүнд нөхцөл байдал. Албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон нь ёс зүйн үлгэрлэл, шинэ жишиг гэж харж байна. Парламентын гишүүд үүнээс үлгэрлэж, авлига, хулгайн хэрэгт холбогддоггүй, ядаж чуулганы хуралдаа суудаг болох хэрэгтэй. Зарим хүн хулгай хийж, гадаад руу зугтчихаад, хилийн чанадаас янз бүрийн зүйл яриад байна. Монголд авлига, хулгай эд, эсийн түвшинд гүн шингэчихлээ. Иргэд үүнд дургүйцэж байна. Хууль хяналтын байгууллага эс үйлдэхүй байдлаар иргэдийн бухимдлыг улам өрдөж буй. УИХ цаашид илүү хариуцлагатай байж холбогдох байгууллагуудыг шахаж ажиллан, ёс зүйгээ өндөрт өргөх хэрэгтэй боллоо.
-С.Эрдэнэболд (УИХ-ын гишүүн): МАН-ыг хэр зэрэг ялзарсныг гэрчилсэн үйл явдлын үр дүнг өнөөдөр бид хэлэлцэж сууна. Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсныг манай гишүүд манлайлал талаас нь ярьж байна. Нэг талаасаа тийм байж болох ч нөгөөтээгүүр, манайх шиг эмзэг эдийн засагтай, улс төр нь ороо бусгаа, төрийн бодлого, шийдвэрт тархи угаалт хурдтай нөлөөлдөг улсад дараа дараагийн Төрийн тэргүүн хэчнээн шударга ажиллаад, манипуляцын зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах болгонд ийм жишиг давтагдах уу гэдэг асуудал үүснэ. Бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгчийн шийдвэр нь төрийг тогтворгүй байлгах эрх зүйн факт юм. Үүнийг улс төрчийн бус, хуульчийн хувиар анхааруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болох тухай асуудлыг хууль, журмын хүрээнд нарийвчлан зохицуулах шаардлагатай.
Таныг тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгөөр албан тушаалаа өгдөг тухай иргэд, олон нийтээс эхлээд улс төрийн хүрээнийхэн ярьж байна. “Таавчиктай эмэгтэй”-н асуудлаас болж Ерөнхий сайдын суудлаас буусныхаа дараа Ерөнхийлөгч болж ирсэн. Та өнөөдөр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн өндөр албан тушаал хашихаар эргэн ирэх үү. Таныг намаа даргална, Ерөнхий сайдын суудалд хүч сорино гэж таамаглах хүн олон байна.
-У.Хүрэлсүх (Ерөнхийлөгч): Их чухал асуулт тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаалах зохицуулалттай ч бодит нөхцөл байдалд хамгаалдаггүй юм билээ. Ерөнхийлөгчийг ажлаа хийх аргагүй болтол нь захын нөхөд гүтгэж, доромжилж байна. Хамгаалуулах боломжгүй учраас улс орныхоо нэр хүндийг бодоод, ажлаа өгөхөөс аргагүй боллоо. Хэн нэгнийг гүтгэж, доромжилсон буруутанд хариуцлага тооцох хууль манайд байхгүй. Удахгүй та бүхнийг ч гүтгэнэ. Эцэстээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн нь гэмт хэрэгтэн болчхоод, хилийн чанадаас гүтгэж байна. Тэр хүн бусдыг хэчнээн их доромжилж, гүтгэсэн ч хариуцлага хүлээхгүй. Хариуцлага тооцох үндэслэл болох хуулийн заалтыг нь Эрүүгийн хуулиас хасчихсан. Тэгэхээр хүнийг гүтгэсэн үйлдэлд хариуцлага тооцох хуулийг даруй баталж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсний дараа эргэн ирэх үү, юу хийх вэ гэж олон хүн сонирхож байна. Эх орондоо хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй. Эх оронд хэрэгтэй бол шүү.
-О.Амгаланбаатар (УИХ-ын гишүүн): Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн хамгийн өндөр албан тушаалтай гурван хүн өргөдлөө өгч, чөлөөлөгдлөө. 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үеийн хууль байжээ гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зөвхөн манай нам сонгуульд ялах ёстой гэдэг агуулгыг баримтлан гар хүрсэн. Харин Монголын ард түмнийг хөгжилд хөтлөх томоохон өөрчлөлтийг хийж чадаагүй. Аливаа хууль нийгмээс нийгмийн хооронд шилжихдээ 30-40 жилийн шалгуур давдаг зүй тогтолтой. 1921 оноос хойших 30, 30 жилийн үечлэлээр бодоход ч энэ нь тодорхой харагддаг. Аливаа тогтолцоо хөгжлийг залуурдаж чадахгүй бол нуран унадаг. Одоо бид 1992 оны шилжилтийн цаг үед баталсан Үндсэн хуулиа өөрчилж, гацаанаас гарах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх болсон гэдгийг харуулж буй маш том дохио. Энд сууж байгаа 126 гишүүний гол үүрэг бол Үндсэн хуулийг өөрчлөн, батлах юм.
-У.Хүрэлсүх (Ерөнхийлөгч): Би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдэг амлалтдаа хүрсэн. Хэлсэндээ байдаг, худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, бусдыг хуурч мэхэлдэггүй гэдгийг минь улс төрд ойр ажилласан бүх хүн мэднэ. Та бүхэнд гэж хэлэхэд, цаашдаа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ, улс төр явдгаараа явна. Улс төрийн тогтолцооны шинэчлэлд онцгой анхаарах цаг болсон юм билээ. Болдог сон бол Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулиар ард түмний дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр шатлалтай парламентын танхимтай байгаад, тэндээсээ Ерөнхийлөгчөө сонгох уу, эсвэл бүх ард түмнээс Төрийн тэргүүнээ сонгоод, Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлж ажилладаг байх уу гэдгээ шийдэж, цэгцлэх цаг болсон. Үндсэн хуулийн асуудлуудаас болоод улс төрийн институц хооронд янз бүрийн зөрчилдөөн гардаг, ажил цалгарддаг, эмх замбараагүй байдал үүсдэг олон зовлон бий. Олон орны жишгээс харахад бид тогтолцоогоо эргэж харах цаг болсон. Та бүхэн цаашид үүнд анхаарна биз ээ.
АВЛИГА, ХУЛГАЙД ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ МЕХАНИЗМ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-О.Цогтгэрэл (УИХ-ын гишүүн): Сүүлийн жилүүдэд авлига гаарч, шударга ёс бүдгэрч, төрд итгэх иргэдийн итгэл үлэмж буурсан. Ийм үед Ерөнхийлөгчийг шударга ёсны талд, авлигачдын эсрэг зогсож байгаа гэх итгэл, сэтгэл ард түмэнд байсан. Гэтэл сүүлийн үед гарч буй авлигын хэрэгтэй холбоотой дуулианд Төрийн тэргүүн нэр холбогдсон нь иргэд, олон нийтийн итгэлийг нурааж, урмыг хугаллаа. Одоогийн нөхцөл байдалд АН парламентын тогтолцоог хамгаалах, шударга ёсны талд зогсох, авлигажсан тогтолцоог нураахын төлөө эцсийг нь хүртэл явах зарчим баримталж байна.
Та жаргал, зовлон, ял, ямбыг нь давхар эдэлж, төрийн өндөр дээд албан тушаал олон жил хашлаа. Ер нь бид цаашид яах ёстой вэ. Тогтолцоогоо өөрчлөх ёстой юм уу, эсвэл улс төрийн намуудын хүрээний асуудал гэж харах уу?
-У.Хүрэлсүх (Ерөнхийлөгч): Тогтолцоогоо өөрчлөх болсон гэдэгтэй санал нэг байна. Үүнтэй холбоотой тодорхой саналуудаа ч хэллээ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгохдоо ард түмнээсээ давхар санал авах хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөх юм уу, үгүй юү гэдэгт тодорхой хариулт авах ёстой. Хоёр танхимтай парламенттай байх, эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоотой болох сонголт бий. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа байгуулан ажиллаж, бүх хариуцлагыг нуруундаа үүрдэг, үүнд нь парламент хяналт тавьдаг тогтолцоо дэлхийн дийлэнх улсад бий. Үндсэн хуулиас болж ямар асуудлууд үүсэж буйг бид харж байна. Парламентын гишүүдийн тоог 126 болговол тогтолцоо эрүүлжих болов уу гэтэл өөрчлөлт гарсангүй. Асуудлууд нь улам задгайраад, цаг хугацаа алдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн дэмжвэл хугацаа алдалгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, миний санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг батлах шаардлагатай. Үүнийг эсэргүүцдэг нөхөд энэ танхимд бий. Иргэний дайн хийнэ гэж ярьдаг хүмүүс ч байгаа. Авлига, хулгайд холбогдсон хүмүүсээ эгүүлэн татаад, оронд нь өөр хүн томилдог ардчилсан механизм бүрдүүлэх хэрэгтэй. Та бүхний яриад буй хариуцлага, сахилга бат эндээс эхлэх биш үү. Яагаад хулгай дээрэм хийсэн хүмүүст бүрэн эрхээр халхавчлан төрд үүрээ засаж, өндөглөх, өсөж үржих боломж олгоод байгаа юм бэ. Төрийн тэргүүн чинь энэ бүхний эсрэгээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байна. Чадаж байгаа биз дээ. Ингэж нүүр бардам ажиллах хэрэгтэй. Ёс зүйтэй бай л даа. Юунаас айгаад байгаа юм бэ.
-М.Нарантуяа-Нара (УИХ-ын гишүүн): Туйлын сайн, муу хүн гэж байхгүй. Харин сайн хүнийг сохор болтол нь зусардан бялдуучилдаг этгээдүүд бий. Би өнөөдөр энэ танхимд Ерөнхийлөгчийн өмнөөс сайн сайханд үгэнд бялуурчихлаа. Ямар айхавтар пялдага үг хэлж байна аа. Үнэхээр жигшмээр санагдлаа. Яагаад энэ танхимд Ерөнхийлөгчийг орж ирэхээр бүгд чимээгүй болчихдог юм бэ. Яагаад та бүхэн ард түмнийг төлөөлж үнэн үг хэлэхгүй байгаа юм бэ.
Ерөнхийлөгч өө, та улс төрд хөтөлж оруулсан дүү нараа яагаад үгэнд орсныг нь сэнтийд залж, үгнээс зөрснийг нь гадаад руу зугтаж, бултахад хүргэдэг юм бэ. Ард түмэн таны аль дүрд итгэх ёстой вэ. Та “Эх орондоо хэрэгтэй бол эргэж ирнэ” гэлээ. Танд ажил хийх, шударга ёсыг тогтоох хангалттай хугацаа байсан. Өнөөдөр сайн сайхан үг харамгүй хэлж буй энэ хүмүүс таны хүч чадал жинхэнээсээ харих үед ар нуруу руу тань хутга зооно.
-Ж.Золжаргал (УИХ-ын гишүүн): Өнөөдөр үүсээд байгаа асуудал У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд биш, Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч албан тушаалаа хугацаанаасаа өмнө хүлээлгэж өгч буйд бий. Маш харамсалтай мэдрэмж төрж байна. Геополитик хэцүү байгаа талаар УИХ-ын чуулганы танхимд ч, Засгийн газрын хуралдааны үеэр ч бид ярьдаг. Ийм эгзэгтэй үед ачаа үүрч байсан хүн ажлаа эрт өгөх болсон нь харамсалтай. Улс төр, намын дотоод тэмцэл, зөрчил ийм байдалд хүргэлээ. Энэ бол тогтолцооны түвшинд эргэж харах ёстой асуудал. Эдийн засгийг зохицуулж, зах зээлийг хамгаалах ёстой төр мөнгөнд умбачихсан учраас авлига, хулгай өнөөдрийн түвшинд хүрлээ. Намын, улс төрийн удирдлагаар эдийн засгаа удирдаж байна. Намууд улс төрийн байгууллага биш, эдийн засгийг удирддаг корпорац болж хувирлаа. Төрд мөнгө байгаа учраас л хулгай гараад, талцаж хуваагдаад, эцэстээ ийм байдалд хүрлээ. Тэгэхээр намыг эдийн засгаас, мөнгөнөөс холдуулъя. Төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах биш, улс төрөөс бүрмөсөн холдуулъя. Төрийн албыг ч улс төрөөс ангид болгоё. Намын хатуу гишүүнчлэл бүхий талцал хуваагдлаас иргэдээ салгая. Орон нутаг дахь намчирхлыг халъя.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан үүргээс нь чөлөөлөх, эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст үндсэн асуудлын хүрээнд санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон парламентын нийт гишүүдийн 92 хувийн саналаар Төрийн тэргүүнийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгчийг сонгож, тангараг өргөх хүртэлх хугацаанд Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хууль хэрэгжиж эхэллээ.