Нийслэлийн иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авдаг “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт нийт 10 120 дуудлага бүртгэгджээ. Үүний 61 хувь нь гомдол, 30 хувь нь хүсэлт, үлдсэн есөн хувь нь талархал аж. Нийслэлийн холбогдох байгууллагууд эдгээрийн 9343-ыг буюу 92.3 хувийг нь шийдвэрлэж, иргэдэд хариу өгсөн байна.
Иргэд авто замын эвдрэл, засвар, барилга, хот байгуулалт, дулаан, цахилгаан, усан хангамжийн талаар дийлэнхдээ хандсан аж. Тухайлбал, явган хүний замын эвдрэл, халтиргаа гулгаа, орон сууцын залилангийн асуудал жин даржээ. Үүнээс нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, хот байгуулалтын асуудал хүндрэл учруулсаар буйг харж болох нь.
Ташрамд дурдахад, иргэд үүрэн телефоны таван оператораас 150150 тусгай дугаарт үнэ төлбөргүйгээр зурвас илгээн хүсэлтээ илэрхийлэх боломжтой.
У.Сүрэн