Хуучин дурсамж үргэлж хөндүүртэй байдаг мэт. Дахиж тохиохгүй дээ гэж харамсах нь байхад бодох төдийд л дотор сийчиж орхих нь ч буй. Гэвч эргэх цаг хугацаанаас бидний шүүрч чадах ганц нь санан дурсах буюу.
“Мичид гялсхийн анивчих
Тэнгэрийн орноос хайсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч Хатуу ч гэлээ
Үнэн л байж дээ” хэмээн коверлож дуулснаараа олон хүний залуу насанд хадаатай явдаг “Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин Цэцэ (М.Цэцэнбилэг), басс гитарчин Баясаа (Б.Баясгалан), Т.Мөнх-Оргил нартай уншигч таныг уулзуулж байна. 1990 оны поп хэв маягийн дундуур гранж, алтернатив рокын салхи сэвэлзсэн юм. “Lemons”-оос “Red hot chili peppers” “үнэртдэг” шиг “Шөнийн галт тэрэг”-ийг Монгол “Oasis”, “Radiohead” хэмээн тодорхойлохыг олон хүнээс сонсож байв. Төөгөө, Буянаа, Баясаа, Одхүү гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан эл хамтлагт 2001 оны намар Цэцэ нэмэгдсэнээр “Цэнхэр шувуу” цомог 2004 онд “Сонор” рекордст бүтэх эхлэл тавигдсан байна. Өнөөгийн сонсогчдын хувьд тэд хэдийн хагацашгүй найз, эсвэл танил нь. Цаг хугацааг давж эгшиглэнэ гэдэг л өөрөө шинэ билээ. Хэвлэлийн “од” болж, тайзнаас салж ядахдаа байнга л элдэв тоглолт сэдэж, анхаарал хайж явдаг хамтлаг, дуучдаас тэд өөр.
-Хэдхэн хоногийн өмнө “Аялгуу” дуугаа нийтэд цацлаа. “Алсаас дуудах аялгуунд Ардаа үлдэх бүхнийг мартаад” гэж эхлэх нь их гоё юм. Энэ “Ether”-ээс хойших хэд дэх бүтээл вэ?
Цэцэ: Түүнээс хойш “Өдрийн оддын зүгт”, “Сүүдэр”, “Паранойд” зэрэг дуугаа клипжүүлж, нийтэд хүргэсэн. “Аялгуу” бол гурав дахь цомгийн нэг хэсэг гэж үзэж болно.
-Тэгэхээр удахгүй шинэ цомог гарна гэж ойлгож болох уу?
Баясаа: Ажиллаж л байна. Хэдэн дуутай, ерөнхий агуулга ямар байх талаар одоогоор хэлж мэдэхгүй юм.
Цэцэ: Юутай ч дуунуудаа ар араас нь гаргаад л явна. EP (богино хэмжээний цомог), эсвэл LP (бүрэн хэмжээнийх) ч байж магадгүй. Эцэст нь цогц боллоо доо гэсэн үедээ сонсогчдод хүргэнэ.
-“Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуунуудын шүлгээс илүүтэй аяыг нь онцолмоор байдаг. Харин үгийн хувьд хөнгөн, битүүдүү талдаа юм шиг.
Цэцэ: Ихэнхдээ бид хөгжмөө түрүүлээд зохиочихдог. Тэрхүү хөгжимдөө тааруулж ая зохиож, үг бичнэ. Бэлэн шүлэгт нийцүүлж дуу бүтээсэн тохиолдол ховор. Бараг байхгүй дээ. Дийлэнх дуу маань иймэрхүү байдлаар бий болсон. Бид дуунуудаараа дамжуулан сонсогчдод өөрийн дураар төсөөлөн мэдрэх боломж олгохыг хүсдэг. Хайр, үхэл гэж яг ийм тийм гэхийн оронд хүн бүр өөрсдийнхөөрөө хүлээн авах, ойлгох тэрхүү эрх чөлөө, сонголтын тухай.
-Та “Playtime” наадмын үеэр манай хамтлагийг залуу үеийнхэн их сонсдог болсныг хараад гайхаж, бас баярласан” гэсэн шүү дээ. Сонсогчид залуужиж буйг уран бүтээлийн урсгалтай хамаатуулж ойлгож болохоор. 1980-аад оны эхээр түгсэн алтернатив рок жанр өнөө ч “моод”-ноос гараагүй. Тиймээс эл төрлийн уран бүтээл илүү амьд, урт настай байдаг юм болов уу?
Цэцэ: Алтернатив “уламжлалт” рок хөгжмөөс өөр. Өөр, чөлөөт сонголт гэсэн утгатай үг. Хүнд метал, Рок-н-ролл зэрэг масс руу чиглэсэн бусад урсгалаас илүү олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглах, солонгорсон мэдрэмжийг илэрхийлэх боломжтой гэх юм уу. Өөрөөр хэлбэл, “уламжлалт” рокоос ондоо. Алтернатив рок залуучуудын өөрийгөө нээх, ойлгуулах, нийгмийн шахалтаас ангид байх эрх чөлөө, дуу хоолой нь болж чадсан болохоор тэд илүү дуртай байдаг болов уу гэж бодож байна.
-Хамтлагт байсан бүх гишүүн “Night train”-ийг амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаар нэрлэх юм билээ.
Цэцэ: Бид байнга л холбоотой байгаа. Манай бөмбөрчин Америкт, гитарчин маань Канадад бий. Энд ирэхээрээ уулзалддаг юм.
-Зорилгоор уран бүтээл хийдэггүй гэх санаанд хамгийн ойр нь танай хамтлаг. Хүмүүс “Тэд хаачсан юм бол, тарчихсан уу”, “Шинэ цомог гаргахгүй юм байх даа” гэж их асуудаг байв. Гэвч “Зөөлөн”, “Цэнхэр шувуу”, “Хайлсан шоколад” өнөөг хүртэл эгшиглэж буй нь шинээрээ байгаагийн илрэл шүү дээ. Харин та бүхний хувьд?
Баясаа: Ер нь бид эхний альбом гарснаас хойш тус тусынхаа ажил, амьдралыг хөөсөн нь үнэн. “Цэнхэр шувуу”-гаас 20 жилийн дараа удаах цомгоо гаргасан юм байна.
Цэцэ: Бид шинэ “юм” бүхнийг сонсдог. Шинэ гэж голох шаардлагагүй. Тиймээс ч өөрсдийнхөө хөгжмийг шинэлэг байлгах гэж хичээдэг.
-Энэ асуултыг Мөнх-Оргилоос асуумаар байна. “Хүмүүс урлагийнхныг цаг наргүй ажилладаг гэж боддог. 09.00 цагийн үед студидээ ирж, оройн 18:00 цаг хүртэл бэлтгэл, бичлэгийн ажлууддаа төвлөрөөд гэртээ харьдаг” гэснийг тань уншсан. Ер нь урлагийг ажил, хөдөлмөр гэж хардаг нь их цөөн. Тэгэхээр хөдөлмөр, авьяас хослох нь зохистой юу?
Мөнх-Оргил: 20 хувь авьяас, 80 хувь хөдөлмөр гэж боддог. “Би авьяастай юм чинь” гээд зүгээр суугаад байвал ямар ч ахицгүй. Харин авьяас тааруу ч мэрийж чадвал сайн бүтээл гаргах магадлалтай. Би хөдөлмөрт их ач холбогдол өгдөг.
-Хүчилж хийсэн хөгжмийг хүмүүс мэдэрдэг гэж бодож байна.
Мөнх-Оргил: Хүчлэх биш, хөдөлмөрлөх. Хүмүүс хэн нэг уран бүтээлчийг зөвхөн авьяастай гэж тодорхойлдогтой санал нийлдэггүй. Тэгэхээр бусдыг авьяасаар нь дүгнээд түүний цаадах хөдөлмөрийг үл ойшоож буй юм шиг. Энэ бүхний цаана яг юу болсон бэ гэдгийг ойлгохгүйгээр зүгээр л “Ямар авьяастай, “төрчихсөн” хүн бэ” гэдэг.
Цэцэ: Тухайлбал, яруу найрагчдын нооргийг харахаар сараачсан эрээн юм байдаг шүү дээ. Тэгэхээр бид бол зүгээр л эцсийн бүтээлийг нь уншиж байгаа. Тэгчхээд “Хөөх мундаг юм бэ” л гэдэг.
-Тэгвэл сайн хөгжим гэж юу юм бэ?
Мөнх-Оргил: Сайн хөгжим гэж байдаг юм уу. Үүнээс илүүтэй надад дургүй хөгжим, дургүй хүн байна. Товчхондоо, муу хөгжим бол “залхуу” хөгжим. -Аль дуугаа хамгийн их тоодог бол?
Баясаа: Миний хувьд бүгд л гоё. Гэхдээ “Цэнхэр шувуу” бүр гоё. Цэцэ: “Цагаан өнгөт асар”, “Цэнхэр шувуу”, “W.W.W”, “Сүүлчийн гэрэл гэгээ”. Утга санааны хувьд илүү баялаг. Хүмүүст төдийлөн хүрээгүй дуунууд маань надад илүү тоогддог, өөрийн тань асууснаар бол. Харин сүүлийн цомгоос “Өдрийн оддын зүгт”, “Сүүдэр” хоёр их таалагддаг.
-Өнгөрсөн хугацаанд сонсогчдоос ирсэн ямар сэтгэгдэл та бүхэнд хамгийн тод үлдсэн бэ?
Цэцэ: “Хайртай шүү, гоё шүү” гэхээс илүүтэй “Амьдралыг минь өөрчилсөн хамтлаг” гэсэн сэтгэгдэл надад их нөлөөлсөн.
Мөнх-Оргил: “Night train”-ий дуу дурсамжтай холбогддог” гэсэн нь.
Баясаа: Бидний хийсэн зүйл хүмүүст таалагдаж байгаа юм байна гэдгийг мэдрэх гоё.
-Та бүхнийг хайр дуулахад дэндүү оройтсон гэх сэтгэгдэл цахим сүлжээнээс харлаа л даа.
Цэцэ: Анзаарсан бол манай дуунуудад “Хайр” гэх үг байхгүй. Бидний коверлосон “Зүүдэндээ би”-г эс тооцвол шүү дээ. Учир нь хүмүүст сонголт өгч байгаа хэрэг. Бидний дууг сонсоод хайр мэдэрч, гунигт автах, эсэх нь сонсогчийн асуудал.
-Орчин үеийн хамтлагууд та бүхэнтэй зэрэг¬цэн “мэндэлж” байсан амьд хөгжмийнхнөөс ялгаатай байна уу? Баясаа: Рок биш болсон байх.
Цэцэ: Ямартай ч одооны хамтлагууд надад их “зөөлөн”, намуухан болсон юм шиг санагддаг. Бас үг, аялгууны хувьд их баялаг, олон элементтэй ч юм уу. Бидний үеийнхэн нэлээд рок, цоглог байсан. Өнөөгийн залуучуудад хүрч буй рок дуугаралттай хамтлаг гэвэл “Mxrningstar” байна.
Мөнх-Оргил: Амьд хөгжмийн хамтлагууд илүү боломжтой болжээ. Тоглох гитар, зэмсэг нь бэлэн, дуугаа бичье гэвэл заавал студи орох шаардлага алга. Шинэ хөгжим сонсохын тулд кассет худалдаж авдаг үе өнгөрсөн.
Цэцэ: Гар утсаа шинэчиллээ гэхэд өөр хуучин утсаар сольдог байсан үе (инээв). Шинэ хөгжим олж сонсъё гэсэн ч ховорхон байж.
Мөнх-Оргил: Арван хэдтэйгээс хорь гартал сонссон дуунууд хүний хөгжмийн мэдрэмжийг тодорхойлдог юм биш үү. Шинэ уран бүтээл хэчнээн сонсовч эргээд л хуучиндаа буудаг.
-Уран бүтээлч хүн бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой юу?
Цэцэ: Ёстой гэсэн юм байхгүй.
Мөнх-Оргил: Миний бодлоор бол хамгийн чухал нь өөрөө уран бүтээлээ хүлээн зөвшөөрөх. Өөрөө өөртөө таалагдах. Тийм биш бол урт насгүй.
Цэцэ: Нөгөөтээгүүр, бүтээл туурвих нь тухайн хүний бясалгал, эдгэрэл гэж бодож байна.
Мөнх-Оргил: Ер нь бол өөрийнхөө нэг хэсгийг л хүмүүст дэлгэх тухай шүү дээ.
Баясаа: Уран бүтээлээ хийгээд явж байхад хүлээн зөвшөөрөх, эсэх нь хаашдаа хүний сонголт юм даа.
-Үүнээс гадна мартагдахаас айдаг хүмүүс байдаг юм биш үү?
Цэцэ: Бид их удаан завсарласан. Тэр хугацаанд мартагдах вий гэх айдас ер байгаагүй, туршлагаасаа хэлэхэд (инээв).
Мөнх-Оргил: Мартагдсан туршлагаасаа хэлэхэд гэж үү (инээв).
-Та сүүлийн үед хэнийг уншиж байна даа?
Цэцэ: Мишима Юкиогийн “Алтан сүм”-ийг өнөө уншиж байгаа. Ер нь нэг номдоо хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэцүү болсон байна. Түүнээс өмнө гэвэл Ричард Бахын “Жонатан Ливингстон хэмээх цахлай”-г уншсан. Арван хэдэн жилийн өмнө бол дотор нэг л бууж өгдөггүй байв.
-Америкийн зохиолч Эрнест Хемингуэй “Зохиол эхлүүлэхэд эхний үгээ бичих л хэцүү” хэмээсэн. Хэрэв эхэлж чадсан бол цаашаа урсаад л явчихдаг.
Цэцэ: Санал нийлнэ. Суугаад байвал суугаад л байдаг. Нэг зориглоод үйлдэл хийчихвэл бүх зүйл аяндаа л болчихдог доо.
Баясаа: Хөгжмийн тухайд бас адилхан.
Цэцэ: Ядаж эхний бадгаа биччихвэл тэгээд л болоо. Бодоод байвал бодоод л байна. Гэхдээ л дотор нэг зүйл чангаагаастай. Тэгэхээр өөрийгөө хүчилж байж онгод буудаг ч юм шиг. Түүнийг хүлээгээд байвал хэзээ ч орж ирэхгүй. Жишээ нь, “Зөөлөн”-гийн хувьд хөгжим нь гоё байсан учраас маш богино хугацаанд үгийг нь бичсэн. “Энийг маргааш л дуу болгомоор байна” гэж яарч, догдлоод л.
Мөнх-Оргил: Бодоод байвал бодоод л байна. Яриад байвал яриад л байна. Хэчнээн хэцүү, тэнэг санагдсан ч эхний үгээ бичих хэрэгтэй.
-Тоглолтод зөвхөн “Зөөлөн”-г сонсох гэж ирж байгаа хүмүүсийг та бүхэн “жинхэнэ” сонсогч гэж үзэх үү?
Цэцэ: Зөвхөн “Зөөлөн”-г, “Үлэг гүрвэл”-ийг сонсох гэж ирсэн хүмүүс байдаг шиг байна лээ. “Үлэг гүрвэл”-ээ хурдан дуулаач ээ, хүүхдүүдээ аваад явмаар байна” гэсэн сэтгэгдэл ирж байсан (инээв).
-2006 онд байгуулагдсан “A-Sound” хамтлаг замналаа өндөрлүүлж, “Баяртай 20 жил” тоглолтоо хийлээ. Та бүхний хувьд ийм зүйл байхгүй биз дээ?
Баясаа: Үгүй ээ, бодох ч үгүй.
Цэцэ: “Шөнийн галт тэрэг”-ийг бүтэн цагийн ажил шиг ойлгож болохгүй байх аа. Бид ажлаас гарч байгаа биш дээ, ямар. Уран бүтээл маань бидний амьдралын л нэг хэсэг шүү дээ.
-“Өдрийн оддын зүгт” цомгийн ковер зураг Цэцэгийнх гэж сонссон.
Цэцэ: Нүүрнийх нь минийх. Харин ард талынх нь гэрэл зурагчин Тавка Зургаажин (Х.Энхбаяр)-гийн бүтээл. Эхний пянзных ч миний дарсан зураг.
-Гэрэл зураг авдаг уу?
Цэцэ: Сонирхдог.
-Бас нэг хэсэг уран зураг сонирхсон байх аа?
Цэцэ: Тийм ээ.
-Нууц биш бол өнгөрсөн хугацаанд юу хийж байсан бэ. Энэ талаар ярьж байгаагүй юм билээ.
Цэцэ: Би бол оффисын ажилтан байсан.
Баясаа: Харин би банканд ажилладаг.
-Яруу найргийн бүтээлүүдээс уншдаг уу?
Цэцэ: Үнэнийг хэлэхэд уншиж чаддаггүй юм. Формат нь надаа ер нийцдэггүй гэх юм уу. Яагаад гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ Даниил Хармс надад их таалагддаг. Бичлэгийн хэв маяг нь сонирхолтой.
-Тэгвэл сэтгэлгээний асуудал юм болов уу.
Цэцэ: Магадгүй. Мөн би Д.Галсансүхийн шүлгүүдэд дуртай. Тэгэхээр яруу найрагтаа ч биш юм байна аа.
Д.ХҮСЛЭН