“Хатуухан хэлэхэд төрийн албыг самарч байгаа нь түр орлон гүйцэтгэгчид. Нэг нөхрийг түр орлон гүйцэтгэгчээр томилдог. Өнөөх нь очингуутаа баахан тушаал, шийдвэр гаргаж, тендер зарладаг. Тиймээс цаашид түр орлон гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй болно. Төрийн ямар албыг хэн орлохыг нь хуульчилсан. Хууль бусаар түр орлон гүйцэтгэгч томилчихсон байвал Төрийн албаны зөвлөл тус шийдвэрийг шууд хүчингүй болгоно. Төрийн албыг тогтвортой хийгээд хариуцлагатай болгохын үндэс нь энэ юм. Албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсан бол Төрийн албаны зөвлөл уг шийдвэрийг мөн түдгэлзүүлнэ” хэмээн 2019 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилсан Д.Тогтохсүрэн гишүүн хэдэн жилийн өмнө ярьж байлаа. Өнгөрсөн долоон жилд энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү. Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгчийг зөвхөн сул орон тоо нөхөгдөх хүртэл болон тодорхой нөхцөлд томилохоор тусгасан юм. Гэвч Төрийн албаны зөвлөл 2025 онд төрийн байгууллагуудад хийсэн шалгалтаар түр орлон болон сэлгэн ажиллуулах журам зөрчсөн 287 зөрчил илрүүлснээ УИХ-д тайлагнаснаас үзвэл асуудал шийдэгдэх нь бүү хэл, системийн хэмжээнд улам газар авсныг илтгэнэ. Хамгийн гол нь энэ “тавиул”-уудын буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй шийдвэрээс болж төрд ямар хохирол учирдаг, төсөвт хэдий хэмжээний дүнтэй хор хөнөөл нүүрлэдгийг бодитоор тооцож гаргадаггүй нь хоржоонтой. Тэдний гарын үсэг бүрийн цаана улс орны бодлого шийдвэр, байгууллагын ирээдүйн хөгжил, айл өрхийн амь амьжиргаа оршиж байдгаараа хариуцлагатай. Монгол Улсын төрийн албанд одоогоор хэчнээн түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа тухай аймгууд, яамд, агентлаг бүрээр нэгтгэсэн тодорхой тоо баримт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ч алга. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь олон нийтэд мэдэгдэх хүсэлгүйнх үү, эсвэл угаасаа тийм тоо баримт манай төрд байхгүй, гаргадаггүй учраас уу гэдэг нээлттэй асуулт “хаалттай хаалга” мөргөв.
Төрийн албаны зөвлөлөөс УИХ-д танилцуулдаг жил бүрийн нэгдсэн тайланд ч түр орлон гүйцэтгэгч нарын талаарх тоог нарийвчлан тусгаж зарладаггүй юм гэнэ. Үүрэг гүйцэтгэгч, түр орлон гэдэг нь төрийн албанд хэсэг хугацаанд ажиллаж буй хувь хүний тухай асуудал төдий биш юм. “Нам, засгийн даалгавар” авч, төрийн албанд сонгон шалгаруулалтгүй, шууд тохоон томилогддог тэдгээр албан тушаалтан төсөв захиран зарцуулах, олон арав, зуун саяын тендер зарлаж, гэрээ байгуулах, хүний нөөцийн бодлого, шийдвэрт ч хошуу, хуруугаа дүрэх бүрэн эрх мэдэлтэй байдаг. Төрийн албаны мерит зарчмыг уландаа гишгэсэн “хоноцын сэтгэлгээтэй” түр томилгоотнууд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдгийг тэднээс болж хохирсон хүмүүс үе үехэн жишээ, баримтаар дэлгэн сөхдөг ч тэгсхийгээд намжаадаг жишиг тогтоод буй. Өнгөрсөн онд л гэхэд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэдэг үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд 590 хүн өргөдөл, гомдол ирүүлснээс, 145 захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, холбогдох байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ. Тэр дундаа төрийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудад хийсэн судалгаагаар 2025 онд 110 үйлдвэр, аж ахуйн газ¬арт 46 мянга гаруй ажилтан ажиллаж буй, тэдний зөвхөн цалингийн зардалд гэхэд л 2.5 их наяд төгрөг зарцуулсныг аудитын байгууллага мэдээлсэн. Үндэсний аудитын газар 2025 онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 8.4 их наяд төгрөгийн дүнтэй 648 зөрчил илрүүлж, 21 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал гаргасан байна лээ. Жишээ нь, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар 36.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байгаа юм. Мөн онд хамгийн их алдагдалтай ажилласан төрийн өмчит компаниудын тэргүүн эгнээнд “Тавантолгой түлш” яваа бөгөөд удирдлагыг нь олонтоо халж, сольж, түр орлон, үүрэг гүйцэтгэгчээр ажиллуусны хар гай ч үүнд нөлөөлж буйг мэрэгжилтнүүд ил тод шүүмжилдэг. Энэ мэтээр олон тэрбум төгрөгийн хөрөнгө, худалдан авалт, гэрээ хэлцэл хийдэг төрийн өмчит компаниудын удирдлагыг удаан хугацаанд “үүрэг гүйцэтгэгч”-ээр ажиллуулах нь засаглалын хямралыг өрдөж, нөгөө талд хариуцлага, хяналт гэдэг гол хөшүүргийг үгүй хийдэг байна.
Саяхан нэгэн иргэн сошиал хуудсандаа “Би бараг гурван жилийн өмнө төрийн өмчит компанид ажиллаж байгаад гэнэт ажлаас халагдан, шүүхээр яваад мэдээж ялсан. Дээд шүүхээс намайг ажилд маань буцаан томилох шийдвэр гаргаад, бас ажилгүй байсан хугацааны хоёр жилийн цалин болох 250 сая төгрөгийг олгуулсан. Гэтэл нөгөө газар маань одоо болтол намайг буцааж ажилд аваагүй. Энэ хооронд надад олгох ёстой мөнгө нь 110 сая боллоо, удахгүй би шүүхэд дахиад хандана. Манай төр ийм баян аж” хэмээн бичсэн нь олны гайхшийг төрүүлж байна. Харамсалтай нь, засаг төрийн удирдлага солигдох тоолонд дээр, доргүй түр орлон гүйцэтгэгч нараар ёс юм шиг бүл нэмдэг Монголд ийм байдал хаа сайгүй бий. Удирдлагын хууль бус шийдвэрийн улмаас ажлаасаа гэнэт халагдсан ажилтнууд төрөөс их хэмжээний нөхөн төлбөр гаргуулсаар байгааг Төрийн албаны зөвлөл болон Үндэсний аудитын газар удаа дараа анхааруулж ирсэн билээ. Шүүх эрт, орой нэгэн цагт тухайн ажилтныг хууль бусаар ажлаас нь халсан гэж тогтоох нь тодорхой, нөхөн төлбөрийг төрийн байгууллага төсвөөсөө шуурхай барагдуулах нь мэдээжийн хэрэг учраас төрийн албаныхан ийн “гэдийгээд” хэвтчихдэг юм. Уг нь хуулиар бол буруу шийдвэр гаргасан тухайн байгууллагын дарга, удирдлагаар тэрхүү мөнгийг нөхөн гаргуулах ёстой ч
шүүхдэлцэх хооронд өнөөх “түр орлогч” нар аль хэзээний талийгаад, хариуцлагаас мултардаг. Өөрөөр хэлбэл, буруу шийдвэрийн төлөөсийг татвар төлөгчид үүрсээр ирсэн гэхээр үнэхээр шударга бус байгаа биз. 2023 онд Үндсэн хуулийн цэц төрийн албан хаагчийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, “төрийн албан хаагчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нь Үндсэн хууль зөрчиж болзошгүй”-г онцолсон. Энэ нь төрийн албан хаагчийг хууль бусаар халсан маргаануудтай холбоотойгоор олонтоо эш татагддаг ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Аудитын жил жилийн дүгнэлтээр төрийн олон байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд нөхөн олговор, цалин олгосон тухай дурдагддаг боловч тэрхүү буруутай албан тушаалтанд санхүүгийн хариуцлага тооцсон бодит жишээ алга. УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үеэр С.Цэнгүүн гишүүн “Хамгийн их алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг салбараар нь авч үзвэл эрчим хүчнийх зонхилдог. Гэтэл гүйцэтгэх захирал, ТУЗ нь хариуцлага хүлээдэггүй, тэднийг сонгон шалгаруулалтаар ил тод томилох ёстой ч тэгдэггүй. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин маш өндөр байна. Төрийн үнэт цаасны хэвлэл хэмээх газрын гүйцэтгэх захирал 38 сая төгрөгийн цалинтай. Их хэмжээний алдагдалтай ажилладаг Диспет¬ черийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал сард 25, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийнх 20 сая төгрөгийн цалин авдаг. Ийм цалин авчхаад тухайн жилийн үндсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн, эсэхэд хяналт, үнэлгээ хийгдэхгүй явсаар байдаг” хэмээн шүүмжилснийг олон нийт анзаарсан уу, үгүй юү, мэдэхгүй. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын засаглал муу, удирдлага тогтворгүй, түр зуурын байх нь ийнхүү татвар төлөгч иргэд, олон нийтийн эрх ашигт шууд нөлөөлдөг болохыг харуулж буй хэрэг билээ. Энэ мэт зөрчил, дутагдал түгээмэл байгаа тул Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 2025 онд анх удаа 15 яам, 44 агентлаг, аймаг, нийслэлийн 22 Засаг даргын Тамгын газрыг хамруулан, “Чадахуйн зарчим”-ын хэрэгжилт хэмээх хөндлөнгийн үнэлгээг зөвлөлөөс хийсэн байна. Засгийн газрын тогтоолоор хийсэн энэхүү хөндлөнгийн үнэлгээгээр яамд 80.3, агентлагууд 70.7, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 77.5 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд цаашид жил бүр тогтмол зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн төрийн албаны мэдээллийн тодорхойгүй байдлыг ил тод болгох, ялангуяа түр орлон гүйцэтгэгчдийн бүртгэлийг нэгтгэх, цахим хяналтыг сайжруулах үүднээс энэ онд Төрийн албаны зөвлөлөөс тусгайлан төсөв гаргаж, “Төрийн албан хаагчийн сул орон тоо, түр орлон гүйцэтгэгч, нөхөн бүрдүүлэлтийн бүртгэлийн модуль” гээчийг хөгжүүлж эхлээд байгаа аж.
Энэ сарын 20-нд Төрийн албаны зөвлөлөөс “Төрд учирсан хохирлын систем, Хяналтүнэлгээний модулийг бусад системтэй холбох, хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлтийг дуусгах” (150 сая төгрөгийн дүн бүхий тендер), “Төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан хаагчийн чадамжийн хүрээг тодорхойлох оношилгоо, судалгаа хийх” (80 сая төгрөгийн үнийн дүнтэй) ажилд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Заавал тендер зарлаж, энэхүү системийг хөгжүүлэн бүрэн ашиглалтад оруулснаар түр орлон гүйцэтгэгч дарга нарын нэгдсэн тоо баримт эцэслэн тодорхой болж, төрийн албан дахь сул орон тооны цахим хяналт сайжрах юм байх. Нэг үеэ бодоход Төрийн албаны зөвлөлийн цахим сан болон орон нутгийн ТАЗ-ийн салбар зөвлөлүүдэд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга, түр орлон гүйцэтгэгч ажиллуулах ажлын заруудыг тухай бүрд нь нээлттэй зарладаг болжээ. Ингэхэд түр орлон гүйцэтгэгч нарыг хаана хамгийн олноор томилдог вэ. Нэгдүгээрт, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар байдаг. УИХ-ын сонгуулийн дараа, Засгийн газрын сайд нар танхимаараа, эсвэл хэсэгчлэн солигдох, мөн бүтцийн өөрчлөлт орох үед яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг урт хугацаагаар түр орлон гүйцэтгэгчээр томилох явдал түгээмэл аж. Үүнийг дагаад агентлагуудын дарга нар ч өөрчлөгдөж, түр орлон гүйцэтгэгчээр “дадлагажих” нь сүүлийн хоёр жилийн ороо бусгаа улс төрөөс харагдаж буй гэнэ. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн дараа болон улс төрийн шалтгаанаар сул орон тоо гаргаж, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй хүмүүсийг аймаг, дүүрэг, сумын Засаг даргын Тамгын газар, хэлтсийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр тавих зөрчил элбэг байгааг Төрийн албаны зөвлөлийнхөн учирлав. “Төрийн өмчит компаниуд улс төрийн нөлөөнөөс салж байна. Тэдгээр компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хууль батлагдлаа. Ингэснээр зардал нь захирлын урамшуулалд бус, эх орондоо өгөөж бүтээдэг шинэчлэл эхэлнэ. Цаашид төрийн өмчит ашиггүй компани гэж байхгүй. Дахиж хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Захирлуудын цалин дунджаар 53.1 хувиар буурна” хэмээн энэ Засгийн газрын тэргүүн Н.Учрал наадмын өмнөхөн сүртэй мэдэгдэл хийнэ лээ. Хоосон поп амлалт өгөхгүй, бодитоор үр дүн гаргамаар байх юм. Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар ч “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хүрээнд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно” хэмээж байсан ч эцсийг нь үзэлгүй намынхаа улс төрийн сорилгод “тахимаа” өгсөн юм даг. Иймд төрийн ажил, албыг үнэхээр бүтээмжтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, хамгийн гол нь тогтвортой байлгаж, мерит зарчмаар нь явуулъя гэвэл түр орлон гүйцэтгэгч хэмээх гацааны гаж тогтолцоог цэгцлэхээс эхэл.