
NBА-ийн дөрвөн удаагийн аварга, түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгчдийн нэг Леброн Жеймс цаашдын карьерын шинэ замыг зураглалаа. Өдгөө 41 настай тоглогч “Филадельфи-76” багтай хоёр жилийн гэрээнд гарын үсэг зураад байна.
БИ ТЭМЦЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Сэтгүүлч Ш.Чараниягийн мэдээлснээр Леброны гэрээний нийт дүн найман сая ам.доллар ажээ. Мэдээж энэ шийдвэрийг тэрбээр мөнгөнөөс илүүтэй өөр шалтгаанаар гаргасан. Тэрбээр өөрийн сошиал хуудсандаа “Энэ бол миний сүүлчийн шийдвэр. Мөнгөний төлөө биш. Ар гэрийнхнийхээ ирээдүйн төлөө ч биш. Тэгвэл яагаад? Учир нь би одоо ч хөдөлмөрлөхийг, шаргуу хичээхийг, тэмцэхийг, ялахыг хүсэж байна. Дахин нэг удаа аваргалахыг зорьж байна. “Филадельфи”-д аваргын цом авахад нь тусална гэдэгтээ итгэж байна. Баярлалаа, Лос-Анжелес. Майамиг үргэлж хайрлах болно. Харин Охайо үргэлж миний гэр байна” хэмээн бичсэн байна.
Уг шийдвэр гарахаас өмнө “Сиксерс”-ийн ерөнхийлөгч Майк Гэнси “New York Times”-д өгсөн ярилцлагадаа өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж, “Мэдээж Леброныг манай багт тоглоосой гэж хүсэж байсан. Хэрэв тэр ирвэл манай баг улам хүчтэй болно. Би түүнийг маш их хүндэлдэг. Миний бодлоор тэр бүх цагийн хамгийн шилдэг тоглогч” гэж хэлж байлаа.
АМЬД ДОМОГ
Леброн зургаадугаар сарын сүүлчээр “Лос-Анжелес Лейкерс”-ийг орхисон. Тэрбээр хуучин багтаа тоглосон сүүлийн улиралд 21 оноо, 5.9 самбараас бөмбөг авалт, 7.2 дамжуулалт дунджилж, багаа плей-оффын хоёрдугаар шатанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ “Лейкерс” энэ шатанд “Оклахома” 4:0-оор бут ниргүүлсэн юм.
Л.Жэймс 2018 оноос хойш “Лейкерс”-т тоглож, 2020 онд NBA-ийн аваргаар тодорч байв. Тэрбээр энэ талаар “Энэ багийн өмсгөлийг өмсөж, надаас ч өмнө байсан агуу уламжлалыг үргэлжлүүлсэн нь миний хувьд онцгой хүндлэл байлаа. Энэ багт тоглохдоо та бүхний бахархлыг төрүүлэх олон зүйл хийсэн гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.
Леброн карьерынхаа туршид дөрвөн удаа NBА-ийн аваргын цом, дөрвөн удаа финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж, улирлын MVP-ээр дөрвөнтөөтодорч, гурван удаа олимпын алтан медаль хүртэж, лигийн бүх цаг үеийн онооны аварга, 40 мянган оноонд хүрсэн анхны тоглогч болсон зэрэг олон түүхэн амжилтыг үзүүлээд байгаа юм.
Ийм агуу тоглогч замналын сүүлчийн багаараа “Сиксерс”-ийг сонгосон нь олон нийтийн хувьд гайхширал төрүүлсэн шийдвэр болсныг дурдах хэрэгтэй. Зарим шинжээч түүнийг “Кливленд”, эсвэл “Майами”-д эргэн очно гэж таамаглаж байсан боловч Леброн карьертаа дөрөв дэх багаа сонгож байна. Гэхдээ мэдээж тэрбээр “сүүлчийн бүжиг”-ийг хамтдаа хийх баг, тоглогчдын талаар сайтар тунгаан бодсон нь гарцаагүй. Түүний сонголт ч ихээхэн учир утгатай нь “Филадельфи” багт Тайрис Макси, ВиЖей Эжкомб, Жоэл Эмбийд, Жэйлен Браун нарын од байгаа гэдгээс харагдаж байна. Тэдэн дээр ийнхүү Леброн Жэймс нэмэгдлээ! Цаасан дээр харахад энэ баг асар хүчтэй, бүсийнхээ төдийгүй лигийн аварга болох чадамжтай нь тодорхой. Гэхдээ талбай дээр юу болохыг цаг хугацаа л харуулна.