Дээр дурдсан он цагийн дараалал бүхий мэдээллээс манай улсын байгаль орчин, ой, усны салбарын бодлого, удирдлагын бүтэц хэчнээн тогтворгүйг харж болно. Том зургаараа бол энэ нь ганц салбарын бус, төрийн бодлогын түвшинд тогтвортой байдал, залгамж чанар хэмээх зүйл алдагдсаны илрэл юм. Яг үүн шиг эрх баригчид дураа хүрэхээр байгуулж, дургүйгээ хүрэхээр татан буулгаж, нэгтгэн нийлүүлж, нэрийг нь сольсоор “тоглоомын” бүтэц болгож хувиргасан агентлаг, газар салбар бүрд бий гээд хэлчихэд үнэнээс зөрөхгүй. Энэ болгонд тухайн салбарын бодлого, үйл ажиллагаа хэрхэн алдагдаж, тогтворгүй байдлаас үүдэлтэй хямрал нүүрлэж байдгийн тод жишээ нь байгаль орчин, тэр дундаа ой, усны чиглэл юм. Ой, ус хоёр байгаль дээр харилцан шүтэлцээтэй оршдог тул энэ чиглэлийн бодлогын яам, хэрэгжүүлэгч агентлагийг хамтад нь байгуулдаг жишиг дэлхий дахинд түгээмэл. Энэ ч үүднээс манай улс салбарын яамны харьяанд Ой, усны хайгуул, судалгааны төвийг анх байгуулжээ. Эрдэм шинжилгээ, судалгааны арвин баазтай хүрээлэн болон ойн төслийн чиглэлээр чамгүй туршлагатай байгууллагын хүний нөөц, ур чадварт түшиглэн байгуулсан учраас тус төв байгаль орчны салбарт чиг үүргээ хангалттай гүйцэтгэж байжээ. Ой, усны салбарт эрдэм шинжилгээ, хайгуулын ажлын үндэс суурийг тавьсан хэмээн одоо ч үйл хэргийг нь үнэлдэг юм билээ. Гэтэл нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлага, дуудлагаар анх байгуулсан гэх энэ чухал бүтцийг менежментийн шинэчлэл нэрээр ердөө хоёрхон жилийн дараа салган тусгаарласнаас хойш өнөөдрийг хүртэл тусдаа үйл ажиллагаа явуулсаар байна. Судлаачид үүнийг байгаль орчны салбарын нэгдсэн бодлогыг алдагдуулсан томоохон шалтгаан гэж үздэг. Харин ой, усны асуудал хариуцсан, бие даасан, тусгай бүтэц хэрэгтэй гэж үзэн анх байгуулснаас хойших 23 жилийн наймд нь эдгээрийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон нь байгаль орчны салбарыг бодлогын хямралд хөтөлж, мэргэжлийн боловсон хүчнээ “алдахад” хүргэсэн хэмээн дүгнэдэг юм билээ. Юу юунаас илүү тогтвортой байдал шаарддаг салбар бол байгаль орчин. Энэ салбарт тогтвортой бодлого, менежмент хэрэгжүүлж чадахгүй аваас урт хугацаанд төлөвлөлт хийх, үр дүн гаргах боломжгүй. Харин тогтвортой бодлого хэрэгжүүлэх үндэс суурь нь төрийн институцийн тогтвортой байдал гэнэ. Байгаль орчны салбар дахь төрийн институцийн тогтворгүй байдал нийгэм, эдийн засагт ямар сөрөг үр дагавар дагуулдаг талаар экологич, судлаач Б.Шинэхүү байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Байгаль орчны салбарын төслүүд, ялангуяа ойн нөхөн сэргээлт, усны нөөц хуримтлуулах ажлуудыг бүрэн хэрэгжүүлж, үр дүн гаргахад багадаа 10-20 жил шаарддаг. Гэтэл энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг
байгууллагуудыг засаг солигдох бүрд бүтэц, чиглэлийг нь өөрчлөөд, татан буулгаад байвал өмнөх ажлуудад зарцуулсан хөрөнгө хүч ямар ч үнэ цэнгүй болно. Хамгийн түрүүнд бодлогын залгамж алдагдаж, урт хугацааны ажлууд саатах эрсдэлтэй. Хоёрдугаарт, мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа тасардаг. Ой, усных шиг шинжлэх ухаанч хандлага шаарддаг салбарт мэргэжлийн боловсон хүчнээ хадгалж үлдэх нь хамгийн үнэ цэнтэй зүйл. Монголд төрийн байгууллагын бүтцийг өөрчлөх бүрд салбарын бус, улс төрийн томилгоотой хүмүүсийн орон тоо нэмэгддэг. Мөн судалгааны ажил, архивын мэдээлэл үрэгдэх эрсдэл дагуулдаг. Ижил төстэй, эсвэл нэг чиглэлийн байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах явцад тухайн салбарын дата өгөгдөл, архивын мэдээлэл эзэнгүйдэж хаягдах тохиолдол элбэг. Байгууллагаас нэг ажилтан “гарахад” л чиг үүргийн, хариуцаж байсан ажилтай нь холбоотой ямар олон асуудал үүсдэг билээ. Яг л үүнтэй ижил. Байгаль орчны салбарт ийм байдлаар алга болсон, үнэгүйдсэн судалгаа, мэдээлэл маш их. Дараагийн нэг эрсдэл нь төсвийн үргүй зардал. Байгууллагыг шинээр байгуулах, татан буулгах болгонд зөвхөн захиргааны, урсгал зардалд өчнөөн мөнгө төсвөөс гаргадаг. Үүн дээр ажлаас халагдсан хүмүүсийн тэтгэмж, шүүхийн маргааны нөхөн төлбөр хүртэл нэмэгдэнэ. Төрийн институцийн тогтворгүй байдал нь тухайн нэг салбартаа төдийгүй нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар асар их хэмжээний сөрөг үр дагавар дагуулж байдгийг эндээс харах боломжтой” гэсэн юм. Манай улс ой, усны салбарын агентлагуудыг татан буулгаж, нэгтгэн нийлүүлж, бүтцээр нь “тоглосноороо” байгаль орчны салбарт хэр их хэмжээний хохирол учруулсныг мөнгөн дүнгээр тооцож хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ хоёр салбарын өнөөгийн нөхцөл байдал тогтолцооны хямралын талаарх хангалттай их зүйлийг бидэнд “хэлж” өгч чадна. Төрийн эрх баригчид, сайд, дарга нар дээгүүрээ тэрбум мод тарих, 333 нуур, хөв цөөрөм байгуулах зэрэг нүсэр ажлууд ярьж, байгаль орчноо хамгаалахад байдгаа барьж байгаа мэт аяглавч хэрэг дээрээ ой, усны
салбарыг хүний нөөцийн хямралаас нь ч гаргаж чадаагүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ч уялдуулж хүчрэхгүй яваа. Тэгсэн атлаа ойн сургалт, судалгааны, хамтын ажиллагааны төв зэрэг шинэ бүтэц байгуулахаар төлөвлөж, яриа хэлэлцээ хийж байгаа нь төсвийн мөнгө уйлдаггүй, төрийн ажил мөнхөд үргэлжилдэггүйн л үлгэр бололтой. Хамгийн сүүлд гэхэд Словени улстай хамтран Багануур дүүрэгт Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар болсныг салбарын яамнаас мэдээлсэн. Тэрчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллах Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах тухай мэдээлэл ч бий. Ингээд харахаар манай улс ой, усны салбарт чухам ямар бодлого баримталж буй нь маш бүрхэг. Нэг болохоор энэ чиглээр бие даасан бүтэц байх шаардлагагүй, чиг үүргийн давхардлыг арилгана, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд дуртайгаа татан буулгачихна. Эсвэл тусгай бүтэц байхгүй л бол ажил урагшлахгүй нь, зарим чиг үүрэг хаягдаж гээгдээд байна гээд дур зоргоороо шинэ нэгж “зур¬ чихна”. Нэгдсэн бодлогоор зангидаж, уялдаа холбоотой ажиллуулж чаддаг бол уг нь манайд ой, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүтэц судалгаа шинжилгээний чиглэлд ч, төрийн чиг үүрэг хэрэгжүүлэх түвшинд ч хангалттай олон бий. МУИС, ШУТИС, ХААИС гээд томоохон их сургуулиуд бүгд л ой, усны чиглэлээр дагнасан судалгааны тэнхим, багш, судлаачидтай. ШУТИС-ийн харьяанд гэхэд Ой модны сургалт, судалгааны хүрээлэн бий. МУИС Инженер, технологийн сургуульдаа ойн хөтөлбөр хэрэгжүүлдэг тэнхимтэй, дэргэдээ Экологийн боловсролын төвтэй. ШУА-ийн Газар зүй, геоэкологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэж баялаг судалгаа, дата өгөгдөлтэй бааз суурь байдаг. Цаашилбал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэлийн Байгаль орчны газрын дотоод бүтцэд хүртэл ой, усны салбарын асуудал хариуцсан тусгай газар, хэлтэс байгаа. Бүр салбарын яамных нь дэргэд Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллага ч бий. Ийм байхад нэмж бүтэц зурах ямар шаардлагатай, хэнд ашигтай гэж. Ойн сургалт, судалгааны, хамтын ажиллагааны төв байгуулаад юу хожно гэж. Үүний оронд одоо байгаа нөөц боломждоо тулгуурлаад эдгээр байгууллагыг харилцан уялдаатай хамтарч ажиллах нөхцөлөөр хангах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудыг тогтвортой үйл ажиллагаатай болгох хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь чухал болоод байна. Төрийн тогтворгүй бодлого, бүтэц нийгэм, эдийн засагт ямар хор уршиг дагуулдаг талаар судлаач хангалттай ихийг хэлж өглөө. Энэ бүх “нөлөөлөл” эцсийн бүлэгтээ экологийн доройтол, хяналтгүй байдлыг л үлэмж гааруулдаг аж. Төр нь дотооддоо бүтцийн хэрүүл хийж, эргэж буцсан шийдвэр гарган уймарч байх хооронд үүнийг далимдуулсан хүмүүс хөшигний цаана хулгай, хуйвалдаанаа зохион байгуулсаар. Уймраа төрийн урагшгүй бүтэц ээ гэж...
Н.ДҮҮЛ