ЯПОНЫ ОЛЗЛОГДСОН ЦЭРГҮҮД
Миний хүсэлтээр 1944 онд намайг МАХНын Төв хорооны дэргэдэх Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд оруулсан юм. 1945 оны намар аравдугаар сарын сүүлээр Төв хороон дээр дуудав. Тэнд Цэдэнбал даргын тасалгаанд оруулав. Ямар хурал болж байсныг мэдэхгүй Чойбалсанаас бусад бүх дарга байсан шиг санагдаж байна. Чамайг Дотоод явдлын яам (ДЯЯ)-ны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн легерууд ба хорих ангиудыг удирдах газрын даргаар томилно гэв... Чамд гурван үүрэг өгнө. Нэгт, чи Сангийн аж ахуйн трестийн дарга байсан тул одоогийн лагеруудыг ирээдүйд САА болгох бэлтгэлийг хангах, Хоёрт, Дотоод явдлын яаманд хуулийн мэргэжилтэй сургагч нарын тусламж, заавраар, олзлогдсон цэргүүдтэй яаж харилцах тухай хууль, дүрмийг судалж зөв харьцаж байх, Гуравт, Чи өөрөө Халх голын байлдаанд оролцсон учир Японы цэргийн ерөнхий байдлыг бас бага сага мэддэг гэж тэр талыг харгалзсан юм. Чи саяхан аймгийн намын хорооны дарга байсан болохоор бас тэр талаас харсан юм гэсэн шиг санагдаж байна. Би ер нь чадахгүй байх гэж хатуу бодоод бас хажууд нь аймаар ч юм шиг санагдаад дахин сургуулиа төгсгөхийг гуйсанд энэ асуултыг (намайг томилох тухай) Маршал зөвшөөрсөн юм гэв. Би ч хэлэх үг олдсонгүй тэндээсээ ДЯЯ руу тэр яамны сайд байсан генерал Шагдаржавтай хамт гарч, уг ажлыг хүлээн авсан юм. Улаанбаатарт байсан Японы олзлогдсон цэргүүдийн барьсан обьектууд гэвэл Засгийн Газрын ордон, Элдэв-Очир кино театр одоогийн хотын захиргааны байр, Гадаад явдлын яам, Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн цогцолбор, Дуурь бүжгийн театр зэрэг болно.
ХУМСНЫ ТОЛИОН ДЭЭР БИЧСЭН НЭР ХАЯГ
Японы олзлогсон цэргүүд нь Ерөө, Зүүн болон Баруун хараа, Бороо зэрэг хорих лагер дээр байсан бөгөөд тэд ирэхдээ урьд манай оронд огт үзэгдээгүй янз бүрийн халдварт бөөсний болон хижиг өвчнөөр нийтээрээ өвчилж, байр, хоол унд эмнэлгийн хангалтгүйгээс олноор нас барах явдал ерийн үзэгдэл байв. Ялангуяа анх ирсэн 1945, 1946 оны эхний улиралд их байлаа. Хөдөөний лагерт байсан Японы олзлогдогсод САА-нуудад газар тариалангийн ажил хийдэг байсан юм. 1946 оны эцэс 47 оны эхээр хөдөө байсан япончуудыг Улаанбаатар хотод ирүүлэх тушаал дээрээс гарсан. Энэ нь тэд нутаг буцахаар Зөвлөлтөд цугларан нэгдэх ёстой байжээ. Бусад лагеруудын адил Ерөө лагерт байсан японууд хотод иржээ. Тэдний дарга нь хошууч Исий гэдэг их соёлтой хижээл хүн байсан юм. Ирсэн японуудын авч явсан юманд манай газрын гүйцэтгэх хэлтсийн аппаратын хүмүүс үзлэг хийдэг байлаа. Тэр хэлтсийн дарга хошууч Тэрбиш гэдэг хүн над дээр орж ирэхдээ миний ширээн дээр нэг бага шиг цагаан даавуу хүүдийтэй юм авчирч тавилаа. Тэгээд та наадахыгаа үзээч гэв. Би учрыг нь мэдсэнгүй амыг нээж харвал тослог бор өнгөтэй гялгар талтай хар юмаар эрээчсэн юмнууд байв. Нэгийг аваад үзсэн чинь толион дээр нь хятадаар (японоор) юм бичсэн хүний эрхийн хурууны мах нь хатсан яс байв. Над аягүй сэжиг төрж, буцааж уутанд нь хаяад, энэ чинь чи юу хаанаас олоод ирэв гэж Тэрбишээс асуув. Тэр: Японы олзлогдсон цэргийн Ерөөгийн лагерийн дарга Исий тэнд үхсэн цэргүүдийнхээ эрхий хурууг огтлон аваад овог нэр, нас, нутгийг тэмдэглэн бичиж хадгалдаг юм байна. Одоо нутаг буцахдаа гэр оронд нь өгөх юм гэнэ. Бид юмыг нь нэгжиж байхдаа олсон, тэгээд танд авчирлаа гэв. Исий хаана байна гэхэд Япон офицеруудын байранд бий, чангаланд (карцер) оруулах санаатай байна гэлээ. Япон цэргийн лагер бүрд Өвөрмонголоос Японд цэргийн сургуулилалт хийж, япон хэл сайн эзэмшсэн, Дэмчигдонров вангийн цэргийн албан хаагчид орчуулга, хэлмэрч хийдэг байсан юм.
Би Исийгийн хэлмэрчийг дуудуулж ямар учиртай болохыг асуухад Тэр: манай ноён хошууч Исий сан нас барсан хүмүүсийн баруун гарын эрхий хурууг огтлон авч, тэр хүний нэр, нас, нутаг хэзээ ямар өвчнөөр үхсэнийг тусгай үсэг тоогоор тэмдэглэн авч хадгалж байгаа, хэзээ нэгэн цагт нутаг буцахдаа ар гэрийнхэнд нь өгөх юм гэнэ билээ. Энэ бол эзэн хаандаа өргөсөн тангаргаа биелүүлж байгаа Наран улсын цэргийн дарга нарын ёс юм гэж над хэлж байсан гэв. Би тэр Исийг одоогоор чангаланд хийхээ азнаж бай гэж Тэрбишид хэлээд тэр хүүдийтэй хуруунуудыг аваад ДЯЯ-ны олзлогдсон цэргийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтэн (зөвлөхийн орлогч) хурандаа Дементив дээр авч очоод болсон явдлыг тайлбарлан ярив. Тэр хэлэхдээ: Энэ бол манайхаар нөгөө бидний ярьдаг “Эх оронч” үзэл, тэд ч цэргийн хүмүүс, хошууч Исий захирсан цэргүүдийнхээ төлөө ганц Японы дайчдын түрэмгий бодлогыг биелүүлэхэд их бууны мах болгон хувиргах төдийгөөр хязгаарлаагүй цэргийнхээ төлөө, тэдний эцэг эхийн, эхнэр хүүхдийн төлөө бодсон “энэрэнгүй” сэтгэл юм. Түүнийг энэ талаар буруушаах, хатуу чангаланд хийж болохгүй, энэ хуруунуудыг нь буцааж өг гэлээ. Би ажил дээрээ ирээд Тэрбишид хурандаа Дементивийн хэлсэн зөвлөмжийг дамжуулж, Исийг хэлмэрчинтэй нь дуудан ирүүлж амар мэндийг нь асуугаад, манай нөхөд танай энэ зүйлийн учрыг олоогүй, манайд ийм заншил байдаггүй болохоор над авчирч өгсөн юм. Энэ танд хэрэгтэй юм бол түүнийгээ ав гэж хэлээд түүнд өгөв. Тэр суудлаас босож би цэрэг хүн, Эзэн хаандаа цэргээ захирахдаа эцэг эхийг нь бас орлоно гэж тангаргалсан. Энэ цэргүүд миний захиргаанд байгааг тэдний ойрын хүмүүс мэдэж байгаа, тэдний нэг нутгийн цэргүүд одоо амьд нутагтаа буцах гэж байна. Би цэргийн тангаргаа биелүүлж яваа хүн. Та ч цэргийн хүн, тангаргаа биелүүлэх гэж боддог байх! Эрхэм ноён хошууч (Би хошууч байсан юм) танд чин сэтгэлээсээ талархъя гэж байна хэмээн хэлмэрч нь над орчуулж өгсөн. (Энэ нь одоо санаанд үлдсэн зүйл) Тэр Исий их удаан бараг таван минут орчим юм ярьсан. Би түүний үгийг бичиж аваад (Дементивийн даалгавраар) цохиулан дахин хэлмэрчтэй нь ярьж шалгаад Дементивд монгол хэлээр өгсөн, тэр орос болгон орчуулж аваад над монгол эхийг өгнө гээд өгөө ч үгүй би ч авъя гэж хөөцөлдөөгүй.
Тэгээд хошууч Исий над толгойгоо бараг газар хүргэх шахам бөхийн ёслоод хуруунуудаа хүүдийтэй нь аваад явсан санагдана. Тэгээд япончууд явах болсон. Энэ бол Т.Бавуудорж гуайн дурдатгалд буй Зөвлөлт Холбоот Улсаар дамжин Монголд очсон олзлогдсон япон цэргүүдийн үйл ажиллагаанд холбогдох нэг л мэдээ юм. Үнэндээ 1990 ээд он гартал Монголд олзлогдсон япон цэргүүдийн тухай бүү хэл, энгийн япон хүмүүсийн талаар ч ярих хориотой шахам байсан юм. Иймээс Монголд япон цэргүүдийн байсан үеийн үйл ажиллагааны талаарх түүхэн бодит үйл явцыг сайтар мэдэх хүмүүс цаг хугацааны эрхээр ховор болоод байсан юм. Тиймээс Т.Бавуудорж гуайн эл дурдатгал бол нэг талаас тухайн үед алба хашиж явсан хүний сэтгэлд шингэж үлдсэн зүйлс төдийгүй орчин цагийн бидэнд түүхийн үнэт эх сурвалж болох нь дамжиггүй хэмээн санана. Олзлогдсон япон хүмүүсийн хүчийг юунд ашиглаж байсан хийгээд тэдний тусламжтайгаар Монголын хаана ямар барилга байшин сүндэрлэж боссоныг ч мэдэж болох талтай юм аа. Харин олзлогдсон япон цэргүүдийн хүчийг ашиглаж Улаанбаатар хотноо баригдсан барилга байшингууд нь өмнө нь нэгэнтээ эхэлсэн байсан буюу, эсвэл эхлэхээр төлөвлөөд байсан. 1935 онд БНМАУын Ардын сайд нарын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотын байдлыг хөгжүүлэх өргөн комисс” байгуулагдаж, уг комиссоос Улаанбаатар хотыг нэгдсэн зураг төлөв лөгөөтэй хөгжүүлэх анхны төслийг 1938 онд гаргажээ. Тэрхүү комиссын боловсруулсан уг төлөвлөгөөнд “хотын тэр үед байгаа хэлбэр дүрс ба байгуулалтын журам нь эрт цагаас эмхэтгэсэн бодлого төлөвлөгөөгүй хэн этгээдийн дур саналаар эрэмбэ зарчимгүйгээр байгуулагдсан бөгөөд түүнийг боловсон байдал, журамд бүрэн дүүрнээр оруулж шинэтгэн засах гэдэг бол ихээхэн хүнд хүчир ажил болохыг харгалзаж нийслэл хотыг аажмаар өөрчлөн сайжруулах” бодлого тавьсан байна. Дурьдсан төлөвлөгөөнд Улаанбаатар хотноо шинэ барих барилгуудыг нарийн төлөвлөгөөтэй барихаар заасан байсан нь чухам цагаа олсон хэрэг байв. Хотод “шинээр барих барилгууд нь 4.2 хавтгай дөрвөлжин км газрыг хамарсан бөгөөд гол нь Зүүн Сэлбийн горхиноос баруун тийших хотын төв хэсгийг оруулсны дотор Сүхбаатарын нэрэмжит талбайг хотын төв, мөн энэ талбайн өмнөх захыг дайрч гарах консулын дэнжээс баруун зах хүрэх замыг гол гудамж болгохоор” үндэслэн бодож, түүнд хуучин, том, жижиг 34 гудамжийг засахаар хамааруулсан байна.
“Төв талбайд Засгийн газрын барилга, Улсын төв театр, Дотоод яамны орон сууц, холбооны барилга, Лениний нэрэмжит клуб, бусад барилгыг оруулах, мөн талбайгаас Туулын гол орох гудамж гаргахаар” төлөвлөсөн байна. Чухамдаа Улаанбаатар хотыг сайжруулах энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэнд олзлогдсон япон цэргүүд ихээхэн хувь нэмэр оруулж, Улаанбаатар хотын өнөөгийн төв талбайн дүр төрх 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр бий болсон хэмээлтэй. Ийнхүү 1950-иад он болоход БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэг дараах байдалтай сүндэрлэн боссон байна. Үүнд хотын төв талбай цардмал хучилттай болж, гол дунд нь Жанжин Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгожээ. Сүхбаатарын талбайн зүүн хойно Монгол Улсын их сургуулийн байр, түүний баруун талд 72 айлын орон сууц, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга (тэр үед одоогийн Дуурь бүжгийн театрыг ийнхүү нэрлэж байсан бололтой), түүнээс урагш Гадаад явдлын яамны байшин, Төв клининк, түүний зүүн талд нэгдүгээр амаржих газар, Төв талбайн баруун өмнөх хэсэгт Улсын нийтийн номын сан, талбайн баруун талд Элдэв Очирын нэрэмжит кинотеатр, “Алтай” зочид буудал (Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар), хоймор талд нь Засгийн газрын ордны барилга баригдсан байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн хэсгийн ерөнхий дүр төрх тэртээ 1940 өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр буй болоход Монголд ирсэн олзлогдсон япон цэргүүдийн оролцоо, хувь нэмэр багагүй байсан нь түүхэн баримт, дурдатгалаас тодорхой байна.