
Хүн төрөлхтөн бол дэлхий дээрх олон сая амьд биетийн ердөө нэгээхэн хэсэг билээ. Бидэнтэй зэрэгцэн тоолж баршгүй олон зүйлийн амьтан, ургамал оршин тогтнож, байгаль дэлхийн экосистемийн тэнцвэрийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт энэхүү тэнцвэрийг алдагдуулж, ган, зуд, үер, хар салхи зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хор хохирол жил ирэх тусам нэмэгдсээр буй. Энэхүү уур амьсгалын “цохилтод” хамгийн түрүүнд өртөж буй хүмүүс бол дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй малчид, фермерүүд юм. Тэр дундаа байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, цаашлаад тухайн соёл иргэншил оршин тогтнох, эсэхтэй холбоотой томоохон сорилт болоод байна.
Монгол орон бол Азийн эх газрын эрс тэс уур амьсгалтай, ган, зуд дараалан тохиолддог эмзэг бүс нутаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд малын тоо толгой хэт өсөж, бэлчээрийн даац хэтэрснээс ургамлын зүйлийн бүрдэл хомсдон, бэлчээрийн доройтол эрчимжихийн зэрэгцээ зуны турш үргэлжлэх гангийн давтамж нэмэгджээ. Тухайлбал, 2025 оны зун зарим аймагт наймдугаар сарын 10 хүртэл бороо хур багатай, гандуу байсан нь бэл чээрийн даац хэтэрсэн бүс нутгийн малчдад ихээхэн дарамт болов. Үүнээс үүдэн малын тарга хүч буурах, малчдын ажлын ачаалал 2-3 дахин нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гарсан. Тиймээс туршлагатай малчид цаг уурын энэхүү хүндрэлийг даван туулахын тулд олон төрлийн арга хэрэглэдэг юм байна. Тухайлбал, зарим нь уламжлалт отор нүүдлээ түшиглэн зуншлага сайтай нутгийг барааддаг бол нөгөө хэсэг нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, сүргийн тоо толгойгоо цөөлөх, эсвэл сум, суурин газар луу шилжихийг сонгодог. Гэвч хамгийн тогтвортой бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл нь бэлчээрийн менежмент болон малын генетик нөөцийг зохистой удирдах арга барил юм.
Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд орон нутгийн иргэдийн оролцоо, уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологитой хослуулах нь нэн чухал гэдэг. Тэгвэл орон нутгийн иргэдийн оролцоо, шинжлэх ухааны зохистой менежмент ямар үр дүнд хүрдгийг Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант II багийн малчин Б.Батзоригийн туршлагаас харж болно. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх дарамтыг даван туулахын зэрэгцээ бэлчээрээ хамгаалж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн амьжиргаагаа тогтвортой авч яваа сайн малчдын нэг юм. Б.Батзориг нь ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр 2001 онд дүүргэж, 2003 онд тус сургуульд “Монгол адууны ям өвчний эсрэг вакцины загвар туршсан дүн” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Их сургуульдаа дөрвөн жил орчим багшилсны эцэст хувь хүний хүсэл сонирхлын үүднээс цөм сүргийн аж ахуй байгуулах зорилгоор 2007 онд хөдөөг зорьсон байна. Тэрбээр эхний 10 орчим жилд хонины цөм сүргийн аж ахуй эрхэлж, 2018 оноос үхэр сүрэгт түлхүү анхаарч, өсгөн үржүүлэх болжээ. Түүний туршлагаас харахад уур амьсгалын өөрчлөлтийг сорилт бус, боломж болгон хувиргахад хэд хэдэн хүчин зүйл чухал аж. Тухайлбал, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн үр ашиг, ажиллах хүчний нөөцөө тооцох нь малын төрөл, сүргийн бүтцээ зөв сонгох үндэс болдог байна. Тэрбээр газар тариалангийн бүсэд нутагладаг учир олон хошуу мал маллахад цаг зав, хүн хүчний боломж хязгаарлагдмал учраас өөрсдийн нөөц бололцоо, хөдөлмөрийн бүтээмжид нийцүүлэн малаа төрөлжүүлэх нь илүү үр ашигтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
МАЛЫН ЧАНАРЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОДОРХОЙЛОХ НЬ ЧУХАЛ
Малчдын хувьд малаа чанаржуулах гэдэг ойлголтыг өөр өнцгөөс харах шаардлагатайг Б.Батзориг онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор малаа чанаржуулах тухай их ярьдаг ч энэ ойлголтыг бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд ч тэр бүр зөв тодорхойлж чаддаггүй аж. Тухайлбал, ганц эрлийз бух оруулж ирснээр нийт сүргийн чанар шууд сайжрахгүй. Үүгээр зогсохгүй эрчимжсэн мал аж ахуйн нөхцөлд зориулагдсан сүргийг бэлчээрийн мал аж ахуй давамгайлсан Монголын нөхцөлд шууд нутагшуулах нь харин ч эрсдэлтэй аж. Түүний үзэж буйгаар бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд “чанартай мал”-ыг гурван үндсэн шалгуураар тодорхойлж болно. Нэгдүгээрт, ган, зуд, хүйтэн зэрэг байгалийн эрсдэлийг даван туулж, орчиндоо дасан зохицох чадвартай, тэсвэртэй байх ёстой. Хоёрдугаарт, тарга хүч, өнгө зүсээ алдахгүй, төлөрхөг чанар сайн байх учиртай. Гуравдугаарт, мах, сүү, ноосны гарц нь байгалийн бэлчээрийн нөхцөлдөө тохирсон, эдийн засгийн хувьд өндөр ашиг шимтэй байх хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, ашиг шим сайтай, төлөрхөг чанар өндөртэй, байгаль, цаг уурын нөхцөлдөө дасан зохицох чадвартай малаар сүргээ бүрдүүлэх нь хамгийн чухал юм байна. Харин жилийн турш саравчинд тэжээж, идэш тэжээлийг нь бэлтгэж өгдөг малыг бэлчээрийн нөхцөлд тохиромжтой гэж үзэх нь өрөөсгөл ойлголт аж.
“АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УХ”
Монгол мал бол олон зууны турш цаг уурынхаа онцлогт дасан зохицож, байгалийн шалгарлаар бүрэлдэн тогтсон генетикийн үнэт нөөц гэдэг. Академич М.Төмөржавын Баяд үүлдрийн хонинд хийсэн эдийн бүтцийн (гистологийн) судалгаагаар ширүүн ноосны микро бүтэц дотроо вакум цонх мэт хөндий зайтай байдаг нь биеийн дулаан алдагдлыг бууруулж, хүйтнийг тэсвэрлэх биологийн онцгой механизм болохыг тогтоожээ. Монгол малын бие жижиг, үе мөч богино байдаг нь ч мөн байгаль, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсоны илрэл. Биеийн ийм бүтэц нь хүйтний улиралд гадаргуугаас алдагдах дулааныг багасгахаас гадна өвс, тэжээл хомс үед бодисын солилцоогоо бууруулж, биологийн хэрэгцээгээ бага нөөцөөр хангах боломж олгодог байна. Тиймээс гадаадын өндөр ашиг шимтэй эрлийз малыг илүүд үзэхийн оронд монгол малын генетикийн нөөц, боломжийг нээн илрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй селекц хийх нь илүү аюулгүй, бас үр ашигтай зам байх нь. Үндсэндээ монгол малаа байгаль, цаг уурын нөхцөлд нь тохирсон онцлогийг нь алдаг¬дуулахгүйгээр үржүүлж, генетикийн нөөцийг нь зөв удирдаж чадвал бидэнд асар их боломж бий гэсэн үг. Түүнчлэн үхэр, хонь гэхчлэн нэг төрлийн мал нь биологийн онцлог, ашиг шимийн хувьд ч харилцан адилгүй байдаг. Б.Батзоригийн сүрэгт байсан нэгэн үнээ өдөрт хоёр литр орчим сүү өгдөг ч долоон жил дараалан тугаллажээ. Харин түүнтэй ойролцоо насны, сүүний гарц өндөр өөр нэг үнээ долоон жилийн хугацаанд гурван удаа төллөсөн байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн сүүний ашиг шим өндөр байх нь тухайн малыг чанартай гэж үзэх үндэслэл биш. Төллөх давтамж, нөхөн үржихүйн чадвар зэрэг биологийн онцлогийг хамтад нь харгалзан үзэж байж малын чанарыг бодитой үнэлэх учиртай.
СҮРГЭЭ ЗӨВ БҮРДҮҮЛСНЭЭР ИЛҮҮ ИХ АШИГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ
Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйгээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чадвал сүргийн тоог өсгөхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Б.Батзоригийн туршлагаар шилмэл хээлтүүлэгч ашиглан сүрэгтээ тодорхой хугацаанд селекц хийснээр таван жилийн хугацаанд нэг малаас авах махны ашиг шимийг 3-5 кг-аар нэмэгдүүлжээ. Түүний шилмэл хуц 2015 оны “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгээс 105 кг жин татаж, алтан медаль хүртсэн байна. Энэ нь нутгийн монгол хонины генетикийн нөөцийг зөв сонгон үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэх боломж байгааг харуулсан бодит жишээ юм. Б.Батзоригийн хөрш айл жил бүр түүнээс 90-ээс дээш кг жинтэй, бие галбир, удам угшлын хувьд шилдэг хуц авч, сүрэгтээ таван жилийн турш селекц хийжээ. Хожим нь Батзориг тухайн айлаас өөрийн сүргээс гарсан шилмэл хуцны төлөг авахад бие галбир, махны чанар нь хадгалагдсан байв. Тухайн үед жирийн төлөг 120 мянган төгрөгийн үнэтэй байсан бол хөршийнх нь 150 мянгад хүрчээ. Дээрх айл шилмэл малуудаа хувийн дугаар, нэрээр нь бүртгэж, удам угшил, ашиг шимийн үзүүлэлтийг системтэй хөтөлдөг аж. Энэ нь малаа олшруулах бус, сүргийн бүтцээ зөв бүрдүүлж, чанарыг сайжруулах нь бэлчээрийн дарамтыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж болдгийн бодит жишээ юм.
ТӨЛИЙН ХОРОГДОЛГҮЙ ОНД ОРЖЭЭ
Ган, цаг уурын хүндрэлтэй жилүүдэд сүргийг нас, биологийн онцлогоор нь ангилан зөв удирдах нь бэлчээрийн даацыг хамгаалахаас гадна малын хорогдолгүй онд орох чухал нөхцөл болдог байна. Гангийн улмаас малын тарга хүч муудаж, сүү сааль буурахын зэрэгцээ малчдын хөдөлмөр, маллагааны зардал хэд дахин нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн гарц буурах тусам малын ашиг шим багасаж, малчдын нуруун дээр ирэх ачаа нэмэгддэг аж. Үүнийг Б.Батзоригийн 2025 оны туршлагаас харж болно. Тэрбээр 2025 оны долоодугаар сарын 30-нд 150 орчим үхрээсээ тарга хүч хамгийн сайтай соёолон болон сувай үнээг сонгон нядлахад махны гарц нь өмнөх оныхоос буурсан байжээ. 2024 оны намар ижил насны хязаалан үхрээс 220 кг орчим мах гарсан бол өвөл, хаваржин тэжээгээд зун нь нядлахад 200 орчим кг мах гарсан байна. Тиймээс 2025 онд үхэр сүргээ нас, ашиглалтын онцлогоор нь гурав ангилсан гэнэ. Ингэхдээ өсвөр үхрүүдээ Сүхбаатар аймаг руу отроор явуулан бэлчээрийн ачааллаа бууруулжээ. Харин тугалтай болон сувай үнээгээ нутагтаа үлдээн маллаж, шаардлагатай өвс, тэжээлээ дөрөвдүгээр сараас эхлэн бэлтгэжээ. Мөн сувай үнээгээ намар нь нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулсан аж. Сүргээ ийнхүү зөв зохион байгуулж, бэлчээрийн ачааллаа бууруулсны үр дүнд тэрбээр нэг ч малын хорогдолгүй онд орж, өмнөх жилүүдээсээ ч олон төл хүлээн авчээ. Гангийн хүнд нөхцөлд үржлийн малаа хамгаалж, сүргийн бүтцээ зөв удирдсан нь түүний хувьд уур амьсгалын эрсдэлийг даван туулах бодит туршлага болсон байна.
Монголтой адил нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бүс нутгуудад бэлчээрийн доройтлыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр сонирхолтой сайн туршлагыг хэрэгжүүлдэг гэнэ. Тэдгээрийн нийтлэг онцлог нь уламжлалт мал маллагааны арга ухааныг орчин үеийн технологи, шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулдаг юм. Зимбабвед хэрэгжүүлж буй Алан Саворигийн Нэгдмэл бэлчээрийн менежментийн гол зарчим нь мал сүргийг тодорхой хугацаанд бэлчээж, дараа нь тухайн талбайг ургамал нөхөн сэргэх хүртэл амраахад оршдог. Энэ нь манай малчдын уламжлалт отор нүүдэл, бэлчээр сэлгэх ухаантай зарчмын хувьд ойролцоо. Өөрөөр хэлбэл, бэлчээрийг нэг дор удаан хугацаагаар ашиглахгүй, тодорхой хэмжээнд амрааж нөхөн сэргээх нь тогтвортой менежментийн үндсэн зарчим гэсэн үг. Харин Киргиз Улс бэлчээрийн менежментийг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Малчдын төлөөлөл бүхий бэлчээрийн хороо тухайн жилийн ашиглалтын төлөвлөгөө, отрын маршрут, бэлчээр сэлгэх хуваарийг хэлэлцэн баталдаг байна. Бэлчээрийн ашиглалтыг тухайн нутгийн даацтай уялдуулж, малчдын хамтын оролцоогоор газрын доройтлоос сэргийлж буй нь Монголд ч анхаарч болохуйц туршлага юм. Энэ бүхнээс харахад дэлхийн нүүдэлчид болон Монголын малчдад тулгарч буй сорилт өөр мэт боловч үндсэндээ нэг. Харин гарц нь орон нутгийн иргэдийн оролцоо, уламжлалт мэдлэг, орчин үеийн шинжлэх ухааны огтлолцолд бий. Монголчууд олон зууны турш байгаль, цаг уурынхаа аясыг даган нүүдэллэж, малаа маллангаа амьдрах ухааныг өвлүүлж ирсэн. Өнөөдөр ч мал сүрэг, бэлчээр, цаг уурын өөрчлөлт бидэнд байгальтайгаа зохицон орших ёстойг сануулсаар байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг даван гарцыг заавал гаднаас эрэлхийлэх шаардлагагүй. Монгол малынхаа генетикийн нөөцийг зөв ашиглаж, бэлчээрийн даацдаа тохирсон сүргийн бүтцийг бүрдүүлэн, уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны ололттой хослуулж чадвал цөөн малаас илүү их ашиг шим хүртэхийн зэрэгцээ бэлчээрээ хамгаалах боломжтой.
У.СҮРЭН