
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулж байна. Шалгалтын үр дүнгээр тус сумын III баг Бугант тосгонд нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг нь битүүмжлэн, татан буулгаж эхлээд байгаа аж. Төв аймгийн Заамар, Сэлэнгийн Ерөө, Бугант, Булганы Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, мод бэлтгэх зорилгоор иргэн, аж ахуйн нэг¬жүүд хамгийн их техник, хэрэгсэл ашигладаг аж.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор нэвтэрсэн нэр бүхий иргэн хүрэн баавгайн бамбарууш, халиун бугын арьс хууль бусаар тээвэрлэж явсныг энэ сарын 28-нд илрүүлснээ дээрх албанаас мэдээллээ. Тухайн иргэнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, зохих арга хэмжээг авхуулах аж. Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор хүрэн баавгай, халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд хууль бусаар агнаж, тээвэрлэх, арьс, эд, эрхтнийг нь худалдан борлуулахыг хориглосон билээ. Улмаар Эрүүгийн хуулийн 24.5.1-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, ховор амьтныг зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаадад гаргасан, чихмэлийн зориулалтаар цуглуулсан бол 5.427 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл зорчих эрхийг 1-5 жил хязгаарлаж, 1.5 жил хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
О.ОРГИЛОХ