
Архангай аймагт болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн “АРА опен-2026” тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчид зодоглов. Тэднээс онцолбол, эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Э.Ариунболд аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”- ийн Н.Мэндсайхантай ширүүхэн өрсөлдөн, нэмэлт цагт ялж алтан медаль хүртлээ. 66 кг-д өнгөрсөн жилийн Барысийн “Их дуулга”-аас хүрэл медальтай ирсэн Ө.Жанцандорж, ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолкийг буулгаж авснаар түрүүлсэн юм. Тэгвэл +100 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр финалд Азийн аваргын мөнгөн медальт Г.Алтанбаганыг илүүрхэж, “Сүлд” спорт хорооны тамирчдаас энэ жилийн наадмаар улсын харцага цол хүртсэн Э.Мөнхжаргал III байр эзлэв.
Эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, дэлхийн аварга Б.Баасанхүү 48 кг-д тэмцээний салхи хагалан барилдаж, аваргын төлөө жингийнхээ хүчтэй өрсөлдөгч болох Ж.Анударийг хожиж түрүүллээ. Парисын олимпоос хойш хэсэг хугацаанд завсарласан тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан “Улаанбаатар-2026”, “Их дуулга”-д медаль хүртээгүй. Энэ удаа бэлтгэлээ сайтар базаасны үр дүнд аваргаар шалгарав. 52 кг-д энэ оны Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ финалд Б.Уранзаяаг хутгах мэхээр юүко үнэлгээ авч, ялалт байгуулснаар жиндээ өнгөллөө. Тэгвэл 58 кг-д учраа таарсан жүдочдоос өнгөрсөн жил УАШТ-д аман хүзүүдэж, энэ жил анх удаа түрүүлсэн Т.Ариунзаяа хагас шигшээд аваргуудаас хашир туршлагатай Л.Сосорбарамтай хүндхэн барилдаан өрнүүлж, нэмэлт цагт ялсан юм.
63 кг-д дэлхийн медальтнуудаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, ОУХМ Б.Ганхайч нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Хэн нь ч түрүүлж мэдэх эн тэнцүүхэн барилдаанд Л.Энхрийлэн илүүрхэж, аваргаа хамгаалж бататгав. Багийн барилдаанд Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны жүдочид Г.Түвшинжаргал, Б.Мөнхтуяа дасгалжуулагчтай “Хилчин”-ий тамирчидтай хүч үзэж, тус бүр таван алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлэн шилжин явах цом гардлаа.