
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах нэр бүхий компанид аммиак алдагдсан тухай мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Үүний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагчид шалгалт явуулж, тус компанийн хөргүүрийн агуулахын өрөөнд химийн бодис алдагдсан болохыг тогтоожээ. Шалгалтаар 2013 онд барьсан, 240 ам метр талбай бүхий уг агуулахын хөргүүрийн системд ашигладаг аммиак хэмээх химийн хорт бодис техникийн доголдлын улмаас гадагшилсныг тогтоов. Түүнчлэн дээрх компанийн химийн аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ч үйл ажиллагаа явуулсаар байжээ. Зөрчил гаргасан этгээдэд хуулийн хариуцлага тооцуулахаар холбогдох баримт материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд буй аж.
У.ЦЭЦЭГ