Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хориглосон байршлуудад суурилуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх чиглэлээр 127 мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус хуулийн 27.8-д заасанчлан тодорхой үйл ажиллагааны хүрээн дэх дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа, эсэхийг хянах чиг үүргийг ХЭҮК, цагдаагийн байгууллагатай хамтран хүлээдэг. Үүний дагуу нийтийн үйлчилгээний барилга, байгууламжийн үйлчлүүлэгчийн хувийн орон зайд хамаарах өрөө, тасалгаанд хяналтын камер байршуулсан, эсэхийг шалгаж, цөөнгүй зөрчил дутагдал илрүүлснээр дээрх арга хэмжээг авхуулсан аж.
ХЭҮК-оос цагдаагийн байгууллагын 740 алба хаагч (давхардсан тоогоор)-тай хамтран архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2458, гоо сайхан, алжаал тайлах газар, саун, зочид буудал зэрэг 1156, оюутан, сурагчдын дотуур байр болон бусад 534, нийт 4148 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд 127 байгууллага хуулиар хориглосон газруудад хяналтын камер суурилуулсан байжээ. Мөн бусад зөрчлийг арилгуулахаар 352 иргэн, хуулийн этгээдэд үүрэг, даалгавар өгсөн байна. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой зөрчил гаргасан 222 иргэн, хуулийн этгээдэд нийт 270 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.