Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг нэг шат ахиулах ЭКМО технологи нэвтрүүлэх болсноо мэдээллээ. Уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт ЭХЭМҮТ болон манай “Хүннү ротари”, Япон Улсын “Киото өмнөд ротари клуб”-ийнхэн гарын үсэг зуржээ. Уг санамж бичгийн хүрээнд нярайн зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт ЭКМО аппарат нийлүүлэхээр болсон байна.
ЭКМО нь хүүхэд, нярайн зүрх, уушгины үйл ажиллагаа алдагдсан үед эдгээр эрхтний үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэж, биеийг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдүүлдэг эрчимт эмчилгээний дэвшилтэт технологи аж. Дэлхийн олон оронд уг технологийг хүүхэд, нярайн зүрхний мэс заслын дараах хүндрэл болон аминд аюултай эмгэгийн үед өргөн ашигладаг. Төслийн хүрээнд төхөөрөмжийг суурилуулахаас гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах, технологийг аюулгүй, үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх гэнэ. Ингэснээр ЭХЭМҮТийнхөн хүүхэд, нярайд зүрх, уушги орлуулах эмчилгээг эх орондоо хийх боломж бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дагаад нэмэгдэх юм.