
БНСУ-ын нэр бүхий хот, дүүргийг энд онцгойлон танилцуулсан нь манай улс эдгээр төслийн туршлагад үндэслэн Орхоны хөндийд Хархорум хот байгуулахаар ажиллаж буйтай холбоотой юм. Шинэ суурьшлын бүсийг тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан байгуулж, олон улсын шилдэг инновац, орчин үеийн өндөр технологийг нутагшуулахад эдгээр нь чухал үүрэг гүйцэтгэж, чиг заагч луужин болох гэнэ. Хот байгуулж байсан туршлагагүй, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болохоороо л бүтэлгүйтчихдэг манай улсын хувьд энэ чиглэлээр арвин туршлагатай солонгосчуудтай хамтарна гэдэг нь ашиглаж чадвал онцгой боломж, олзуурхууштай тохиол яалт ч үгүй мөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхоны хөндийд Монголын эртний нийслэлийг сэргээн байгуулах, шинэ суурьшлын бүс бий болгох зарлигийг Ерөнхийлөгч 2022 оны сүүлчээр гаргасан. Улмаар дараа жилүүдэд нь Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан үндэсний хороо, захиргаа, захирагчийн ажлын алба зэрэг бүтэц, нэгж бий болгож, шинэ трасс болон байршлыг нь эхний байдлаар тогтоолгон, нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийнхнээр төлөвлөлтийн ерөнхий зураг, үзэл баримтлалыг нь гаргуулсан юм.
Харамсалтай нь, эл зураг мэргэжлийнхний шалгуур, шаардлагад тэнцээгүй. “Түүхэн хотыг сэргээн байгуулах хариуцлагатай ажилд төр дэндүү гоомой, хүнийрхүү хандлаа. Ул суурьтай судалгаанд үндэслэн энэ ажлыг мэргэжлийнхнээр дахин хийлгэх хэрэгтэй” хэмээн архитектор, хот төлөвлөгч, инженерүүд дуу нэгтэй шүүмжилсэн. Ингээд 2024 онд Шинэ Хархорум хотын ерөнхий үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, Монгол, Орос, Хятад, Япон, Британийн багийн төлөөллийг зөвлөхөөр ажиллуулан ерөнхий төлөвлөгөөний зураг, ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулсан билээ. Тэгвэл эдгээрийг хөрсөн дээр буулгах үйл явцад Өмнөд Солонгосын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд голлох үүрэгтэй оролцох нь. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Төрийн тэргүүн И Жэ Мён Үндэсний их баяр наадмын үеэр манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын хүрээнд тус улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг болон Хархорум хотын Захирагчийн ажлын алба хот байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Хоёр улсын Ерөнхийлөгч нар ч цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэл, томоохон ажил нь Хархорум хотын бүтээн байгуулалт хэмээн онцолсон. Мөн тус улсын хэвлэлүүд хот байгуулалтын шинэ төсөлд солонгосчууд гол үүрэгтэй оролцож, мэдлэг, туршлагаа “гуравдагч хөрш”-тэйгөө хуваалцах боломж бүрдсэн талаар олон нийтэд мэдээлжээ.
Шинэ Хархорум хотын Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын газраас “Түүхэн хотыг сэргээн байгуулах ажлын хүрээнд БНСУ-ын төрийн болон олон улсын байгууллагууд, мэргэжлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Жишээ нь төсөлд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА), Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг (NAACC), Солонгосын үндэсний төмөр замын байгууллага (KNR) оролцож буй. Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг Сэжун хотыг богино хугацаанд амжилттай байгуулсан туршлагадаа тулгуурлаад ухаалаг, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нутагшуулах, төлөвлөлтийн ажлыг мэргэжил, арга зүйгээр хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Харин Хархорумын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалт, аялал жуулчлалын шинэ бүс, тээвэр ложистикийн нэгдсэн систем, инновацын төвийг хөгжүүлэх чиглэлээр КОИКА-тай албаны ёсны уулзалт хэлэлцээг үе шаттай хийсээр байна. Солонгосын үндэсний төмөр замын байгууллагын хувьд “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-ийг хамтран боловсруулах ажлыг хариуцаж байгаа. Мөн хот байгуулалт, зам, дэд бүтэц төлөвлөлтийн баялаг туршлагатай, Өмнөд Солонгосын “Сүсон инженеринг” компани, “Smart city” төслийн багийн инженер, мэргэжилтнүүд бодлогын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
Үүнээс гадна Япон, Турк зэрэг орны хот төлөвлөгч мэргэжилтнүүд, тухайн чиглэлийн байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа аж. Үндсэндээ манай улс Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах ажилд гадаад, дотоодын аль шилдэг, туршлагатай гэсэн болгоныг татан оролцуулахад хөрөнгө хүч, нөөц бололцоогоо хайр гамгүй төвлөрүүлсээр. Харин одоо үндсэн ажил буюу бүтээн байгуулалтыг нь үүний адилаар эрчимтэй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр урагшлуулах хэрэгтэй байна. Засгийн газар “Хархорум хотыг сэргээн байгуулах, хөгжүүлэх 2026-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Үүнд тусгаснаар бол энэ оны хавар хотын төв хэсгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний болон 500 мянга хүртэлх тооны оршин суугч амьдрах дөрвөн хэсэг орон сууцын ажлыг эхлүүлэх хуваарьтай байв. Түүнчлэн авто зам, эрчим хүч, тээвэр, холбооны үндсэн дэд бүтцийг барьж байгуулах болон төрийн захиргааны зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлуудыг энэ онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөсөн. Харамсалтай нь, өдгөө тэнд бүтээн байгуулалт нэрийн дор ойн зурвас, ногоон байгууламж бий болгох, гол, нуур сэргээх, усны нөөц тогтоох зэрэг аахар шаахар ажлыг л хийж байна.
Хот байгуулах мэдээж амаргүй. Ялангуяа манайх шиг энэ чиглэлийн туршлага нимгэн, нийслэл хотоо ч олигтой зохион байгуулж, төлөвлөж чаддаггүй улсад бүр ч ярвигтай. Ийм тохиолдолд хот төлөвлөх, байгуулах ажилд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар ул суурьтай, тооцоо судалгаатай хандах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг далимдуулаад үндсэн ажлаа удаашруулаад байвал ирээдүйн нөөц боломжоо барахын л нэмэр. Хархорумыг сэргээн байгуулах шийдвэр гаргаснаас хойш буюу сүүлийн дөрвөн жилд хороо, захиргаа байгуулах, хууль, журам батлах гэж бишгүй л ажил боллоо. Одоо улс орнуудын тэргүүн туршлагыг нэг зорилгод төвлөрүүлэн зангидаж, нэгтгэнэ гээд бөөн л юм болж байна. Солонгосчуудыг энэ ажилдаа төрийн бодлогын түвшинд татан оролцуулж эхэллээ. Үүнд хэдий хэрийн хугацаа зарцуулж, хэчнээн хавар, зуныг хий дэмий өнгөрүүлэхийг таашгүй. Хархорумыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоолд тус хотыг “түүхэн” агуулгаар төлөвлөж, зохион байгуулах талаар тусгасан байдаг. Гэтэл өдгөө тус хотын Захирагчийн ажлын албаныхан БНСУ-ын Сэжун, Сонгдогийн жишгээр орчин үеийн ногоон хот болгож хөгжүүлнэ гэж танилцуулах боллоо. Салбарын зарим сайд, дарга нар нь “Хархорумыг эдийн засгийн тусгай бүс, хөдөө аж ахуйд түшиглэсэн хөнгөн үйлдвэрийн төв болгож хөгжүүлнэ” гэж хөндөлсөх. Дөнгөж өчигдөрхөн гэхэд тус хотын Захирагчийн ажлын албаны дарга Л.Халтар “Хархорумд хөдөө аж ахуйн чөлөөт бүс, Өгий нуурт түшиглэсэн аялал жуулчлалын бүс бий болгоно” гэж ярьжээ. Эхлээд ядаж энэ мэт мэдээллийн, ойлголтын, үзэл баримтлалын зөрүүтэй байдлаа цэгцэлчхээд олон улсын байгууллагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж, шилдэг туршлага нэвтрүүлэх, чадварлаг боловсон хүчин авчрах талаар ярих сан даа.
Н.МИШЭЭЛ