
Шадар сайд Н.Номтойбаяр гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг өчигдөр хүлээж авч уулзан, онцгой байдлын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл болон Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо. Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж буйг Шадар сайд уулзалтын үеэр танилцуулж, онцгой байдлын салбарын техникийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг онцлов.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрэн хайх, авран туслах олон улсын зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдлаа. Винстон Чанг манай улсын онцгой байдлын байгууллагын хөгжлийг өндрөөр үнэлж, INSARAGийн шаардлага хангасан үндэсний эрэн хайх, аврах багтай болох нь гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүү¬ лэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Н.МИШЭЭЛ