
Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүйн улмаас талийгаачдаа хөдөөлүүлэх газрын байршил, төлөвлөлт, ашиглалтаас эхлээд байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын менежмент гээд шийдлээ хүлээсэн зүйл олон бий. Иймд оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор иргэн Д.Гансаруулын санаачилсан Оршуулгын тухай хуулийн төсөл боловсруулж, батлах цахим өргөдөлд одоогоор 63 470 хүн гарын үсэг зуржээ.
“Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын тэлэлт, хүн амын өсөлт, газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнөөс шалтгаалан оршуулгын газрын байршил, хэмжээ, ашиглалт, хамгаалалтын асуудал улам бүр тулгамдаж байна. Иймд оршуулгын үйл ажиллагааны нэгдсэн эрх зүйн зохицуулалт бий болгож, газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдэх, бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай болон хуульд заасан бусад бүсэд хориглох шаардлагатай. Мөн оршуулгын газрын байгаль орчин, эрүүл ахуйн стандарт, хамгаалалтын бүсийг хуульчлан тогтоохын зэрэгцээ хуучин газруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй” хэмээн уг өргөдөлд онцолсон байна.