Энэ оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.1 нэгжээр буурсан байна. Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар дээрх үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сард 25 753 эх амаржиж, 25 996 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 1046, амьд төрөлт 1005 тохиолдлоор буурсныг Эрүүл мэндийн яамныхан мэдээлэв.
Харамсалтай нь, дээрх хугацаанд таван эх энджээ. Хэдийгээр улсын хэмжээнд эхийн эндэгдлийн түвшин буурсан ч орон нутаг дахь үзүү¬ лэлт өндөр хэвээр аж. Тодруулбал, эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 буюу хөдөөд нийслэлийнхээс хоёр дахин өндөр байна. Иймд орон нутаг дахь эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн тус хурлаар жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдварыг эрт илрүүлж, эмчлэх тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүү¬лэх, өсвөр насны жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.
Ч.ЦЭЛМЭГ