
Японы Кюүшюү бүсийн Күмамото мужид уржигдар 16.27 цагт газар 7.1 магнитудын хүчтэй хөдөлжээ. Улмаар тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр буюу долоон баллын чичирхийлэл бүртгэгдсэн байна. Үүний дараа 17.08 болон 19.03 цагийн орчимд таван баллын хүчтэй чичирхийлэл дараалан бүртгэгдсэнтэй холбоотойгоор Ариакэ болон Яцүширо тэнгисийн эрэг орчимд цунамигийн сэрэмжлүүлэг зарлав. Гамшгийн улмаас 13 хүн амиа алдаж, 380 гаруй иргэн гэмтэж бэртэн, 20 гаруй хүн сураггүй болжээ. Мөн тус бүсэд оршин суудаг 48 мянга гаруй өрх цахилгаангүй болж, тээвэр, нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ онцгой байдлын штабыг ахлан, эрэн хайх, аврах ажиллагааг удирдаж буй гэнэ.
Газар дараалан гурван удаа хөдөлснөөс үүдэн Күмамото мужид барилга, байгууламжууд нурж, хэд хэдэн газарт гал гарснаас гадна дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ. Тухайлбал, Кашима хот дахь “AEON mall” худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж, хийн хоолой задарсны улмаас дэлбэрэлт болж, олон хүн нурангид дарагдсан аж. Түүнчлэн Яцүширо хотод үйлдвэрийн яндан нурж, ажилчид нь дарагдсанаас гадна ачааны галт тэрэг замаасаа гарсан талаар албаныхан мэдээлсэн. Японы Цаг уурын агентлагаас аюул бүрэн арилаагүй бөгөөд ойрын 2-3 хоногт дахин хүчтэй чичирхийлэл үүсэх эрсдэл өндөр байгааг анхааруулсан юм. Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдардаг бөгөөд одоогоор тэднээс гамшигт өртсөн тохиолдол бүртгэгдээгүйг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв. ЭСЯ-наас нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд иргэдийг нурж болзошгүй барилга, байгууламж, уулын энгэр болон эргийн бүсээс хол байхыг зөвлөлөө. Мөн шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдохыг анхааруулжээ.