Авто замын түгжрэл, агаарын бохирдолд тэвчээрээ барсан нийслэлчүүд сүүлийн жилүүдэд хоёр дугуйт тээврийн хэрэгслийг түгээмэл ашиглах болсон. Урин дулаан цагт цахилгаан скүүтер, мопед, унадаг дугуй нь залуусын өдөр тутмын сонголт төдийгүй авто замын ачааллыг бууруулах чухал хувилбар болоод байна. Гэвч хэрэглээ тэлэхийн хэрээр иргэдийн амь, эрүүл мэндээр дэнчин тавьсан эрсдэлтэй орчин үүссээр буй нь харамсалтай. Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд скүүтер, мопед, унадаг дугуйтай холбоотой 700 гаруй осол, гэмтэл бүртгэгджээ. Үүнийг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбон буруутгахаас илүүтэй хоёр дугуйт тээврийн хэрэгсэлд зориулсан стандартын шаардлага хангасан зам байхгүйд учир буй юм. Уг нь манайд нийслэлийн “Иж бүрэн гудамж: Унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавих ерөнхий шаардлага” хэмээх 28 хуудас бүхий стандарт бий. ИТХ-ын 2022 оны эл тогтоолоор баталсан энэхүү баримт бичигт дугуйн замын урт, өргөн, өнгөнөөс эхлээд ямар материал ашиглах, аюулгүй байдлыг хэрхэн зохицуулах талаар нэг бүрчлэн маш тодорхой зааж өгсөн аж. Гэвч бодит амьдралд хотын удирдлагууд энэхүү стандартыг хэрэгжүүлэхийн оронд явган хүний болон авто замаас “хумсалж”, ногоон будаг түрхэх төдийхнөөр аргацаасаар өнөөдрийг хүрэв.
НҮД ХУУРСАН НОГООН ЗУРААС
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд барьж буй 960 метр авто замын ажилтай танилцах үеэрээ нэгэн амлалт өгсөн. Тэрбээр “Улаанбаатар хотод барьж буй авто зам заавал ус зайлуулах хоолойтой байх шаардлагатай. Мөн явган хүний болон дугуйн замыг цогцоор нь шийдэх ёстой. Үүний дараа ашиглалтад оруулах, эсэхийг шийднэ. Цаашид энэ жишгийн дагуу нийслэлд бүтээн байгуулах бүх төрлийн замыг ус зайлуулах хоолойтой, явган болон дугуйн замтай байх стандартыг мөрдөнө” хэмээн ам гарсан билээ. Гэтэл хотын шинэ дарга ажлаа авснаас хойш хийсэн хамгийн эхний “шийдэмгий” бүтээн байгуулалт нь авто замаас нэг метр хүрэхтэй үгүйтэй хэсгийг “хумсалж”, ногоон өнгийн будгаар ялгасан явдал байв. Хамгийн хоржоонтой нь, хотын дарга болон түүний албатууд үүнийгээ стандартад нийцсэн дугуйн зам хэмээн тайлбарлажээ. Энэ мэт түүний хоёр үзүүртэй зүү шиг яриа болон хийсэн ажил нь иргэдийг ихээхэн бухимдуулж, цахим орчинд “Ногоон резинээ цавуугаар наахаа мартчихсан юм уу. Өчигдөрхөн л шигүү, тод ногоон өнгөтэй байсан. Гэтэл өнөөдөр тал нь бороонд урсаад алга болчхож. Хотын шинэхэн даргын бүтээн байгуулалт хэр олон жилийн настайг нь манай байгаль, цаг уурын онцлог төд удалгүй шалгаад өгөх байх” хэмээн егөөдөв. Түгжрэлээс залхаж, хоёр дугуйт тээврийн хэрэгсэл сонгож буй иргэдээ дэмжих гэсэн үе үеийн хотын дарга нарын сэтгэл нь сайхан ч шийдэл, арга барил нь анхнаасаа буруу байсныг ердөө энэ жишээнээс харж болно.
Өөрөөр хэлбэл, манайд явган хүний замын хажуугийн багахан хэсгийг, эсвэл авто замын баруун захыг өөр өнгөөр будчихаад “дугуйн зам” гэж нэрлэдэг гаж жишиг тогтсон гэсэн үг. Дарга нар ч энэ нүд хуурсан ажилдаа гаршиж, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, зардлаа танах нэрийдлээр хашлага солих, дугуйн зам тавих бүрд өндөр төсөвтэй тендер зарлан, санхүүжилтээ батлуулдаг. Тэгсэн атлаа наад захын стандартын шаардлага хангасан, хүндээ ээлтэй бүтээн байгуулалт хийх нь бараг л нүдний гэм болов. Дугуйн битгий хэл, явган хүний замаар алхаж явахад ч гэнэт гэрлийн шон, цахилгааны хайрцаг тулах, эсвэл байшингийн хана мөргөөд зогсох нь энгийн үзэгдэл болсон. Нийслэлээс баталсан дугуйн замын стандартыг үзвэл бодит байдалтай хэрхэн зөрчилдөж, нүглийн нүдийг гурилаар хурсан нь бэлхнээ харагдана. Уг стандартын 4.1, 4.3-т унадаг дугуйн зорчих хэсгийн өргөн нэг эгнээнд хамгийн багадаа 1.5 метр байна. Эсрэг болон нэг чигийн урсгалтай дугуйн замыг төлөвлөхдөө явган хүний зорчих хэсгийн өргөнийг 2.5 метрээс багагүй байхаар тооцно гэж заажээ. Гэтэл бодит байдалд явган хүний болон авто замаас ердөө нэг метр хүрэхгүй зайд ногоон будаг түрхэж, дугуйтай хоёр хүн зөрөх боломжгүй, хажуугаар нь өнгөрөх автомашинд шүргүүлэх эрсдэлтэй болоод байгаа. Мөн стандартад дугуйн зам нь цемент-бетон, эсвэл асфальт-бетон (MNS 1592:2009 стан¬дартад нийцсэн нарийн ширхэгтэй, дөрвөн см-ийн зузаантай) хучилттай байна. Халтиргаа гулгаанаас хамгаалах туршилтаар BPN үзүүлэлт нь 36-гаас дээш байх ёстой гэж тусгасан. Гэтэл ачир дээрээ хөрсийг нь бэлдэж, суурь үе хийлгүйгээр хуучин асфальт болон явган хүний замаа шууд өнгийн будгаар будаж, эсвэл
резин наачихдаг. Энэ нь чийг, бороонд амархан ховхорч, автомашин дээгүүр нь явах төдийд үйрч унадаг бөгөөд улмаар хэд дахин их зардал гаргахад хүрдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Ерөөс төсвийн мөнгө уйлдаггүй, төрийн хүн цаддаггүй гэдэг нь энэ бололтой. Тэд энэ мэт ядмаг аргаар иргэдийнхээ боломжийг үгүй хийж, жил бүр улс, нийслэлийн төсвөөс “бялуу” хүртсээр хэдийн гаршжээ. Түүнчлэн эл стандартын 13.1-13.3-т авто замын зорчих хэсэг дээрх дугуйн замыг чиглүүлэгч шон, хашлага, бетон зурвас, эсвэл ногоон байгууламжаар заавал тусгаарлана гэж цагаан дээр хараар бичсэн. Гэвч ихэнх байршилд ямар ч тусгаарлагчгүй, ердөө будагтай зураасаар заагласан байдаг шүү дээ. Улмаар энэ нь жолооч нар автомашинаа дугуйн зам дээр байрлуулах нөхцөл бүрдүүлдэг аж. Үндсэндээ хүний амь, эрүүл мэндээс илүү үнэтэй төсвийн хэмнэлт гэж байхгүй. 700 гаруй иргэн бэртэж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон нь стандарт мөрдөөгүйн шууд уршиг. Сар ч хүрэхгүй хугацааны дараа хог болон замхрах ногоон резин, будаг зэргээр аргацаахаа больж, хүндээ ээлтэй, аюулгүй, стандартын шаардлага хангасан дугуйн зам барьж байгуулахыг иргэд хотын удирдлагуудаас шаардаж байна.
ДЭД БҮТЦЭЭ БЭЛДЭЭГҮЙ БАЙЖ ХУУЛЬ БАТЛАВ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ сарын 1-нээс эхлэн скүүтер, мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслийг зөвхөн 18 ба түүнээс дээш насныхан унах, мөн тэдгээрийг заавал дугуйн замаар, замгүй тохиолдолд авто замын баруун захаар зорчуулах зохицуулалт үйлчилж буй. Хууль зөрчин скүүтер, мопедтой явган хүний замаар явбал 50, 18 нас хүрээгүй хүүхдэд унуулбал 100, хувийн мэдээлэл болон жолооны үнэмлэхээ ашиглуулсан эцэг, эхийг 200 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн байр суурийг тодруулахад “Түгжрэлтэй үед хоёр дугуйт тээврийн хэрэгсэл унах нь хурдан бөгөөд амар байдаг. Гэтэл манайд дугуйн зам маш ховор. Байгаа хэдэн зам дээр нь олон машин ирээд зогсчихдог. Анхнаасаа аюулгүй замаа шийдэж өгөөгүй байж дутуу дулимаг хууль баталчихлаа. Хамгийн эхлээд дугуйн замаа л стандартын дагуу тавих хэрэгтэй шүү дээ” гэв. Үүнээс харахад явган зорчигч болон дугуйчдын дунд далд “тэмцэл” явагдсаар байна. Явган хүний замаар явбал иргэдийг мөргөж, гэмтээх аюултай тул торгууль ногдуулна. Авто зам руу орвол машинд шүргүүлж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Дугуйн зам гэж заасан хэсэг нь стандартын бус, дээрээс нь автомашинууд овоорчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгийн адил эхлээд аюулгүй орчин нөхцөлийг нь бүрдүүлж байж хууль, журмаа биелүүлэхийг шаардах ёстой баймаар.
ОРЧИН ҮЕИЙН ХОТЫН ХӨГЖЛИЙН ШАЛГУУР БОЛДОГ
Манайхтай хил залгаа БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотыг жишээлье. 10 гаруйхан жилийн өмнө Улаанбаатараас ч дор дэд бүтэцтэй байсныг олон хүн ярьдаг. Гэтэл өдгөө тус хот авто замынхаа хажууд бүхэл бүтэн нэг эгнээг буюу 2-3 метр өргөн зайг хашлага, тусгаарлагчтайгаар дугуйн замд зориулан төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тэд автомашинд бус, хүндээ ээлтэй хот цогцлоож чадсан юм. Хотжилт хурдсаж, авто замын түгжрэл болон агаарын бохирдол дэлхий нийтийн асуудал болсон өнөө үед микро-мобилити буюу дугуй, скүүтерийн дэд бүтэц нь орчин үеийн хотын хөгжлийн гол үзүүлэлт болжээ. Олон улсад дугуйн замыг зүгээр нэг явган замын дагавар биш, бие даасан, нэгдмэл сүлжээ бүхий тээврийн үндсэн дэд бүтэц гэж төлөвлөдөг. Тухайлбал, АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Нидерланд зэрэг өндөр хөгжилтэй оронд дугуйн замыг төлөвлөхдөө аюулгүй, хүртээм欬тэй байдлыг хамгийн эхэнд баримталдаг. Ту хайлбал, автомашины хурд цагт 30 километрээс дээш байх хэсэгт дугуйн замыг заавал хашлага, хаалт, эсвэл ногоон байгууламжаар тусгаарладаг стандарттай. Нэг чиглэлийн дугуйн замын өргөн нь хамгийн багадаа 1.5-2, хоёр чиглэлийнх 2.5-3 метр байх ёстой бөгөөд найман настай хүүхдээс эхлээд 80 настай ахмад настан ч айх аюулгүй зорчих орчныг бүрдүүлдэг. Мөн осол гарах эрсдэлийг бууруулах зорилгоор уулзвар дээр автомашин болон дугуйн эргэлтийн өнцгийг багасгаж, үзэгдэх орчныг тодорхой болгодог гэнэ. Нидерландад гэхэд л дугуйчдад зориулсан “Ухаалаг гэрлэн дохио” байршуулсан бөгөөд бороо орох үед автоматаар мэдэрч, ногоон гэрэл асах хугацааг уртасгадаг аж. Мөн зам дороо халаалтын системтэй тул өвөл цас мөс тогтдоггүй. Мөн Испанийн нийслэл Барселонад “Superblocks” консепцоор хотын төв хэсгийн зарим гудамжийг автомашингүй бүс болгон, дугуй болон явган хүний замаар шийдэж өгснөөр агаарын бохирдлыг 30 хувиар бууруулж чаджээ. Дэлхийн практикт дугуйн зам нь автомашиныхаас хашлагаар тусгаарлагдсан, ямар нэгэн саад бартаагүй тасралтгүй үргэлжилдэг, тэгш асфальтан гадаргуутай байдаг аж. Харин манайд ихэвчлэн будагтай шугамаар зааглах, эсвэл явган хүний замтай хамт төлөвлөгддөг. Ингэснээр явган зорчигч болон дугуйчид нэгэндээ саад болох, мөргөлдөх эрсдэл үүсдэг. Түүнчлэн дугуйн зам нь автобусны буудал, зогсоол, туслах замтай нийлэх үед тасарч, замын дунд траншейны таг, гэрлийн шон, хашаа хайс мөргөх нь энүүхэнд. Үүнээс гадна манай орны эрс тэс уур амьсгалд тохируулан өвлийн улиралд дугуйн замын цас, мөсийг цэвэрлэх тусгай бага оврын техникийн арчилгааг цуг төлөвлөөгүйгээс хүйтний улиралд энэхүү зам нь ашиглагдах боломжгүй болж, жилийн дийлэнх хугацаанд үр ашиггүй дэд бүтэц болон үлддэг байна.
Э.СҮЙЛЭН