
Шатахууны хомсдол хот, хөдөөгүй үүсэж, орон нутгийг зоригсод явгарч, “шаг”-ийн бизнес цэцэглэн, нийслэлд иргэд олон цаг дугаарлан байж балга бензин авч буй. Шатахуунд дугаарласан тээврийн хэрэгслүүд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг дүүргэсний улмаас замын түгжрэл эрс нэмэгдэж, иргэдийг ихээхэн бухимдуулах болсон. Холбогдох албан тушаалтнууд “Шатахууны нөөц хангалттай” гэж мэлзсэн ч эцэстээ үнэнд гүйцэгдсэн юм. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрынхан мэдээлэл өгөхдөө шатахууны хомсдол нь иргэдийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, баяр наадмын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж, шатахууны хэрэглээ ердийн үеийнхээс дөрөв дахин өссөний улмаас зарим байршилд нийлүү¬ лэлт тасалдаж, ШТС-уудад ачаалал үүссэн гэв. Мөн шатахууны 30 хоногийн нөөцтэй байх ёстой ч амралт зугаалгын үетэй зэрэгцэн орон нутагт олон эвент, арга хэмжээ зохион байгуулж буй нь хэрэглээг өсгөсөн хэмээн арьсаа хамгаалсан. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрынхны өчигдрийн мэдээллээр ОХУ-аас “Сүхбаатар” боомтоор дамжуулан өнгөрсөн сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4020, 31-нд 41 вагон буюу 2460, нийт 6480 тонн АИ-92 авто бензин оруулж иржээ. Энэ нь манай улсын гурван өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж. Эдгээрийг УБТЗ болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэн буулгаж, ачих ажлыг гүйцэтгэж, хот, хөдөөгийн ШТС-уудад нийлүүлсэн аж.
Ч.ТУЯА