
БНХАУ өнгөрсөн даваа гарагт Америкаас Хятадын хиймэл оюуны компаниудын нэр хүндэд халдах, тэдэнд хориг арга хэмжээ авахаас эхлээд шалтгаангүй заналхийлж буй үйлдлээ зогсоохыг албан ёсоор шаарджээ. Түүнчлэн энэ нь баримт, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус улсын AI технологийн салбарт өөрсдийн ноёрхлоо тогтоох гэсэн санаархлын илрэл хэмээсэн байна. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Зарим өндөр албан тушаалтан манай хиймэл оюуны компаниудыг Америкийн дэвшилтэт загварыг хуулбарласан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж, оюуны өмчийг хулгайлсан байж болзошгүй гэх шалтгаанаар хориг арга хэмжээ авч магадгүй.
Тус хоёр улсын тус тусдаа хөгжүүлсэн AI моделиуд бараг зэрэгцэн зах зээлд гарч, Хятадын бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд буй нь бодит байдал. Инновац бол хэн нэгний онцгой өмч биш. АНУ-ын бизнесийн салбарын олон компани хориг арга хэмжээ авах тухай Вашингтоны уг сүрдүүлгийг ил тод эсэргүүцэж буй” гэсэн юм. Америкийн 200 орчим гарааны бизнес Хятадад хориг арга хэмжээ авахгүй байхыг Засгийн газартаа уриалж, ийм шийдвэр нь дотоодын өрсөлдөх чадварыг сулруулна хэмээн байр сууриа илэрхийлсэн аж. Хэрэв Хятадын эрх ашигт бодит хохирол учруулах аливаа шийдвэрийг гаргавал Бээжин шаардлагатай бүх хариу арга хэмжээг авч, хууль ёсны ашиг сонирхлоо тууштай хамгаална гэж мэдэгдээд буй. БНХАУ АНУ-ын төрийн тэргүүн нарын зөвшилцлийг хэрэгжүүлж, хиймэл оюуны салбар дахь яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлэн AI технологийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа ташрамд илэрхийлсэн байна.