
Ерөнхийлөгчийн зарлиг болгосны дагуу улс, орон нутгийн холбогдох байгууллагууд хамтран Хөвсгөл нуурыг тахих төрийн их ёслолыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, цэнгэг уст экосистемийн хамгааллын асуудлаар судлаач, мэргэжилтнүүд хуралдсан юм. Тэгвэл энэхүү хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэл, танилцуулсан судалгааны үр дүн, дэвшүүлсэн асуудлуудад тулгуурлан Хөвсгөл нуурыг хамгаалах арга хэмжээний саналыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас боловсруулжээ. Усны чанарын хяналт, судалгааны түвшнийг сайжруулах зорилтын хүрээнд микропластик болон шинэ төрлийн бусад бохирдуулагчийг шинжлэн судлах лаборатори байгуулах, Хөвсгөл нуурт цутгадаг гол, мөрөн бүрд усны чанар, урсац хянах автомат харуул суурилуулах, байгаль хамгаалагч, усны харуулуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, орон тоог нь нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ.
Түүнчлэн нуур орчмын хөрсний бохирдлыг бууруулахын тулд Хатгал тосгон, Ханх сумын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, хогоо ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоо нэвтрүүлээгүй, ил задгай хаядаг аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлагыг чангатгаж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах нь үр дүнтэй гэж үзжээ. Мөн эдгээр суурьшлын бүс дэх нүхэн жорлонгуудыг халахад шаардлагатай санхүүжилтийг улс, орон нутгийн төсвөөс шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж суурилуулах хугацаатай даалгавар өгөх, цэвэрлэх байрууламжгүй жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагааг түдгэлзүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Н.ДҮҮЛ