Аялал зугаалгын улирал ид үргэлжилж байна. Ялангуяа, баяр наадмын урт амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр орон нутгийн замын аюулгүй байдлыг хангаж, улс замаа сайтар засах учиртай. Харамсалтай нь, зам засах төсөв мөнгө хангалтгүй. Энэ нь замын чанарт сөргөөр нөлөөлж байна. Замчид арга ядахдаа наадмын үеэр Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн замын зарим нүхийг шороогоор дүүргэсэн хэмээн албаныхан хэлсэн. Ер л нь, замд 10 газар нүх үүслээ гэхэд тавыг нь зуурмагаар бөглөж, үлдсэн тавыг нь нүхээ шороогоор дүүргэдэг гэсэн юм. Жижиг 10 нүх бол зуурмагаа хүргээд л бөглөдөг аж. Товчхондоо, замчид нэг нүх бөглөх мөнгөөр 10 нүх бөглөдөг. Авто тээврийн хөгжлийн төвийн Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Б.Ширэндэв “Монгол Улс 7956.8 км хатуу хучилттай авто замтай, төсөв хүрэлцдэггүй тул жилийн жилд замын засвараа гүйцээж чаддаггүй” гэдгийг онцолсон. Уг нь замд 13 жилд нэг удаа их, 6 жилд нэг удаа урсгал засвар хийх ёстой. Харин төсөв хүрэлцээгүйгээс аль алинг нь хийж чаддаггүй, жил бүр бага сага нүх бөгөлж, аргацаасаар өнөөдрийг хүрчээ.
Монгол Улсын хамгийн ачаалалтай замуудын нэгд зүй ёсоор тооцогддог Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн замыг 21 жилийн өмнө буюу 2005 онд тавьж байсан. Төдийгөөс өдий хүртэл нэг ч удаа их засвар хийгээгүй. Өдгөө энэ замын эвдрэл гэмтэл тоймоо алджээ. Үүнийг тээвэрчид хийгээд жолооч нар ч батлан хэлж буй. Манай сурвалжлах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн А0101 замд ажиллаж буй Налайх АЗЗА зам ангийнхантай уулзаж, мөн Хот хоорондын авто зам ашигласны төлбөр хураах цэгт ажиллалаа.
Том оврын тэрэгний жолооч нар байнга даац хэтрүүлдэг
Гангийн халуун наранд замчид замд ажилласаар байна. Ер нь шаардлагатай бол үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл, бүр шөнө дүлээр ч ажилладаг. Учир нь зам засах гол түүхий эд болох аспальт зуурмаг ирсэн үед л ажил ундардаг. 200, 400 км-ийн зайнаас зуурмаг бетон зөөдөг тул тогтмол цагт ажиллах бус түүхий эд ирсэн үед нь ажилдаа гардаг ажээ.
Авто замын салбарт 29 жил ажиллаж буй, Налайх АЗЗА нэгтгэлийн салбар ангийн ерөнхий инженер Л.Баярсайхан замын эвдрэл гэмтлийн талаар “Зам эвдэрч буйн гол шалтгаан нь уртын тээвэрт явдаг том оврын машинууд хэт хүнд ачаатай явдагтай холбоотой. Стандартаар том тэргүүд 44 тонноос ихгүй ачаатайгаар тээвэрт гарах ёстой. Харин жолооч нар 80, 100 тоннын ачаа тээвэрлэдэг. Бид уул уурхайн компаниудад албан бичиг өгч ачааны тонн, кг-аа зохистой хэмжээнд барихыг үргэлж шаардсаар ирсэн. Мөн даац хэтрүүлсэн бол замын хоёр талын шороотой хэсгээр явахыг зөвлөдөг. Шаардлага хүлээж авдаг аж ахуйн нэгж ч алга, жолооч ч алга. Замдаа Маань, Багануурын поспууд дээр торгуулаад л яваад байдаг. Дөнгөж сая Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн А0101 замд явж буй том тээврийн хэрэгслийг тооллоо, цагт 25 машин өнгөрлөө. Энэ бага тоо, үүнээс ч их явдаг. Бид аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол гаргахгүй гэж хичээж ажилладаг. Харин жолооч нар үүнд анхаардаггүй” хэмээн ярьсан. Мөн Налайхын уулзвараас А0101 хүртэлх 128.1 км замыг засахад өнөө жил 900 сая төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгө замыг засах бус зөвхөн нүх бөглөхөд л дөнгөн данган хүрэх нь. Ажиллах хүчний тухайд хижээл болон тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүс замд үнэнч үлджээ. Тэд мэргэжлийнхэн бөгөөд залууст ажлаа өвлүүлж, сургах хүсэлтэй ч цалин багатайн дээр цагтаа бууддаггүй учир залуус энд тогтдоггүй. Улаанбаатар- Чойр- Замын-Үүд чиглэлийн авто зам нь насжилт өндөр, хөдөлгөөний эрчим ихтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их зэргээс шалтгаалан эвдрэлийн хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд хөрөнгө дутагдалтайгаас шалтгаалан засвар арчлалтын ажлыг заасан хугацаанд, зохих түвшинд хийж чадахгүй байна.
Тус чиглэлд жил бүр батлагдсан хөрөнгөнд багтаан арчлалт, урсгал засварын ажлууд гүйцэтгэдэг бөгөөд 2023 онд 3,7 тэрбум, 2024 онд 1,7 тэрбум, 2025 онд 10,1 тэрбум төгрөгөөр ээлжит засварын ажил гүйцэтгэсэн аж. Монгол Улс одоогоор нийт 8 мянга орчим хатуу хучилттай авто замтай. Үүний тавиас илүү хувь нь насжилт өндөр буюу 13-аас дээш жилийн насжилттай. Гэхдээ эдгээр замын засвар арчлалтыг санхүүгийн боломжоос шалтгаалж хангалттай хэмжээнд засварлаж чаддаггүй. Улсын хэмжээнд АЗЗА нэгтгэл төрийн өмчит компанийн 20 салбар, хувийн хэвшлийн 9 компани ажилладаг. Бүгд л төсөв мөнгө бага, хүнд нөхцөлд ажилладаг аж. Жишээ нь, улс 2790 төгрөгөөр тооцож дизель түлш олгодог бодит байдалд өнөөдөр дизель 4250 төгрөгийн ханштай байгаа юм. Мөн зам засах төсвөө гаргаад өгөхөөр Сангийн яам эл мөнгөний 10/1 хувийг нь л олгодог байна. Тиймээс зам засах мөнгө нь хаанаа ч хүрдэггүй, нэг нүх бөглөх мөнгөөр 10 нүх бөглөж байна.
13.7 тэрбум төгрөг төлөгдөөгүй
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор наймдугаар сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын автомашин 1000 байсныг 5000, том оврын автомашин 10 000 байсныг 20 000 төгрөг төлнө. Тодорхой хэлбэл, улсын чанартай авто зам дагуу байрлах төлбөр хураах цэгээр нэвтрэх бүрдээ жолооч нар дээрх хэмжээгээр төлбөр төлөх нь. Шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдах юм. Ийн хураамж нэмсэн нь улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилготой. Авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулах аж. Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автоматаар авч эхэлжээ. Түргэний гүүр төлбөр авах цэгт бид очлоо. Тус цэгийн оператор Ц.Хийморьсайхан замын төлбөрийн нэмэгдлийн талаар “Төлбөр нэмэгдсэнд иргэд хоёр талтай хандаж байна. Зарим иргэд автозамын хураамжаа нэмээд зам засварын ажлаа сайн хийгээд сайхан замаар явбал сайн байна гэсэн. Үлдсэн хэсэг нь цочирдож хүлээж авсан” гэлээ.
Төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлснээр олон давуу тал гарсныг тэрбээр онцолсон. Жишээ нь, ачааны жин тонн автоматаар бодогдож, жолоочид цахимаар нэхэмжлэх очдог болжээ. Мөн Зам ашигласны төлбөрийг Ebarimt-ын буцаан олголтоос төлөх боломжтой гэнэ. Төлбөр төлөлт цахимжсанаар жолооч болон төлбөр хураагч ажилтны хооронд бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлагагүй болсон. Төлбөр авах цэгүүд цахимжсанаар орлого 30-40 хувиар нэмэгджээ. Харин 2026 оны эхний зургаан сарын байдлаар 22,7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум нь төлөгдөж 13,7 тэрбум орчим төгрөг төлөгдөөгүй байна.
“Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэд төлбөрөөс чөлөөлөгдөнө
Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.
Уг жагсаалтад бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ. Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ. Та энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв таны зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих зохицуулалттай болжээ.
