Бидэнд хотын гарнизоны дарга командлагч босгон Маршалд рапорт өгөв. Маршалын суу гэсэн дохиогоор бид сууцгаав. Найдан малгайгүй сугандаа нэг улаан хавтастай юм хавчуулсан орж ирсэн юм. Маршал товч үг хэлэв. Түүний утга нь: Намайг Зөвлөлт Холбоот улсад байх үед Японы тагнуулын хоёртом байгууллага манайд бий болсон байна. Түүний нэгийг миний I орлогч хэмээж байсан буурал хэмээх Дамба толгойлжээ. Би хэрэв учир мэдэхгүйн харгайгаар эсэргүү бүлгэмд элссэн хүмүүс биеэ сайн дураар илчилбэл өршөөл үзүүлэн ял шийтгэхгүй гэж өөрийн 221 тоот тушаалыг бүр өнгөрсөн жил гаргасан. Миний энэ тушаалыг цэргийн бүх албан хаагчдад таниулахгүй дарсан байна. Үүний буруу нь Улс төрийн газар бөгөөд ийм учраас миний улс төрийн газрын дарга хэмээж байгаа энэ шар хэмээх Найданг одоо тушаалаас нь халлаа гэж хэлэв. Тэгэхэд Найдангийн шар царай нь улаан будгаар будсан юм шиг час улаан болоод “Би одоо хаана очих вэ” гэж хоолой нь чичрэн Маршалаас асуухад Маршал “Чи Намынтөвхорооны тэргүүлэгч гишүүн биз дээ. Төв хороондоо очиж хэлэхгүй юү” гэхэд Найдан юу ч хэлээгүй хаалганы зүг явахад 2-3 ногоон малгайтай хүмүүс дагалдан гарав.
Маршал “Миний дээр хэлсэн шинэ эсэргүү бүлгэмд манай цэргийн удирдах тушаалын нэлээд хүн элссэн байна. Хэрэв та нарын дотор төөрөгдөн эсэргүү бүлгэмд элссэн хүн байвал одоо биеэ илчилж болно. Би Ерөнхий сайд, Цэрэг, Дотоод яамны сайд, Бүх цэргийн жанжны хувьд улсын нууцыг энд задарна гэж бодохгүй байна” гээд Дотоод яамнаас байсан хүмүүст хандан хаалганы цаана гадны хүн ойр байхгүй байгаа биз гэж асуухад тэд хоёрхаалгаар харж “байхгүй” гэж байсан. Маршал цаг руугаа хараад би та нарт таванминутын хугацаа өгье. Энэ чинь таванминутын дараа гэсэн үг биш таванминутын дотор гэсэн үг шүү. Би ажил ихтэй яарч байна гэв. Цугларсан хүмүүс чив чимээгүй болж амьсгал нь дуулдаж байсан бөгөөд нэг ч хүн суудлаасаа хөдөлсөнгүй, үг ч хэлсэнгүй. Маршал үг хэлэх хүнгүй бол эсэргүүд элссэн хүн байхгүй юм байх. Энэ үнэн бол сайн байна. Би та нарт гуравхоногийн хугацаа өглөө. Энэ хугацаанд сайн бодоцгооно биз. Харин миний 221 тоот тушаалыг өнөөдрөөс цэрэг. дарга нарт сайн таниулах хэрэгтэй. Одоо ангиуддаа очицгоо гэв. Та нарын дотор эсэргүүд элсээд биеэ нуусан хүн байгаад дээрх тушаалын дагуу биеэ илчлэхгүй бол өршөөл горьдох хэрэггүй шүү гэж хэлсний дараа бүх хүнбараг уралдах шахам хаалгаар багтаж ядан гарцгааж...
Тэр цуглаанд оролцсон бусад ангиудын дарга нар бараг цөм баригдсан юм. Би хувьдаа тэр баригдсан хүмүүсийг эсэргүү нар байсан юм байна гэж бодсон. Бусад ньч тийм ойлголттой байсан байх. Энэ олон хүнийг баривчлагдах үеэр нөгөө Амарсайхан дарга баригдсан гэж дуулаад “намын уулзалт” дээр арай намайг эсэргүү элсүүлэх гэж оролдсон юм биш байгаа гэж би түүнийг бодсон...
НАМЫН ГИШҮҮДИЙН АЖИЛ БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
1939 оны гуравдугаарсарын дундуур Улс төрийн газраас цэргийн анги нэгтгэлүүд дээр намын гишүүдийн ажил байдлын “тодорхойлолт” явуулах болов гэж тэр үед бригадын комиссар болсон Лувсан над хэлээд чухам юуны тухай тодорхойлохыг хэлээгүй. Удалгүй нэг орой намын бүх гишүүнийхурал хийлгэ гэж тушаав. Бригадын клубт гишүүдээ цуглуулаад байтал Улс төрийн газраас ирсэн нэг танихгүй дивизийн комиссар цолтой хүнтэй комиссар Лувсан орж ирээд хурлыг өөрөө нээж Жанжны тушаал, Улс төрийн газрын зааврын дагуу одоо намын гишүүдийн ажил байдлын тодорхойлолтыг гишүүн нэг бүр дээр хэлэлцэнэ.
Үүнд: Гурванасуултаар дүгнэлт хийнэ.
Тэр гишүүн
1. Эх орон,
2. Нам засаг
3. Маршал Чойбалсанд хайртай юу гэдэг асуултаар ярина гэлээ.
Одоо эхлээд намын товчооны дарга Бавуудоржийг ярина гэв. Намайг чи дээрх гурванасуултад жинхэнэ үнэнч намын гишүүн юм бол үнэнээр хариулах хэрэгтэй.
1. Эсэргүү нарын ухуулгад орж элссэн этгээд биеэ илчилбэл ял зэмлэлээс өршөөгдөнө гэсэн жанжны 221 тоот тушаалыг ойлгосон эсэх?
2.Чухам ямар эсэргүү чамайг элсүүлсэн?
3. Чи яагаад одоо хүртэл биеэ илчлэхгүй явж ирсэн?
Дээрх гурванасуултыг үнэн зөв хариулсны дараа чи нам засаг, эх орон, Маршал Чойбалсанд хайртай үгүй чинь тодорхойлогдоно гэв.
Би
1. 221 тоот тушаалыг ойлгосон
2. Ямар ч эсэргүү этгээдийн ухуулгад орж түүнд элсээгүй
3. Тийм учраас над биеэ илчлэх юм байхгүй.
Би нам засаг, Эх орон, Маршал Чойбалсанд хайртай, эх орондоо өргөсөн Цэргийн тангаргаа үнэнчээр биелүүлж яваа гэж өөрийгөө боддог гэж хариулав. (Энд нэг зүйлийг тэмдэглэхэд би 1936 оны намар цэргийн намын багш нарын нэгсарын курст суугаад төгсөлтийн шалгалтад онц дүн авсан учир Жанжин Дэмидийн тушаалаар Энгэрийн цагаар нэг удаа шагнагдсан. Жанжин Дэмидийг нас барсны дараа (37 оны есдүгээрсар шиг санагдана.) Хуягт бригадын эвлэлийн товчооны нарийн бичгийн дарга байхад цэргийн улс төрийн газрын эвлэлийн ажил эрхэлсэн орлогч дарга Цоодол намайг дуудаж эвлэлийн байгууллагуудыг төлөөлж Жанжин Дэмидийг нас барсантай холбогдуулан “Улаан Одон”-д гашуудлын статьяг бич гэж тушаасан учир би тэр статьяг бичихдээ “Жанжин Дэмидийн нас барсан нь Манай ардын хувьсгалт улаан цэрэгт жанжин Сүхбаатарын дараа тохиолдсон хамгийн том гарз” гэсэн үг оруулсан юм)
Хурлын тэргүүлэгчид гишүүдээс: Чи тэгвэл яагаад эсэргүү Дэмидээс энгэрийн цагаар шагнагдсан болон энэ шагналыг чамд гардуулахдаа ямар даалгавар өгснийг чи “Улаан одон” сонинд эсэргүү Дэмидийн үхсэнийг Сүхбаатарын дараа болсон хамгийн том гарз гэж бичсэн биз дээ. Чи үүнийг хэний даалгавраар бичсэн бэ? гэдэг асуултыг олон хүн зэрэг зэрэг асуув.
Би “Тэр шагналын цагийг Дэмидийн гараас аваагүй. Курсийн багш бригадын комиссар Хорлоогоос олны өмнө хүлээн авсан тэр ямар ч даалгавар өгөөгүй. “Улаан одон” сонинд статья бичихийг Цоодолоос даалгавар авсан. Дэмид тэр үед эсэргүү нь мэдэгдээгүй байсан учир түүний нас барсаныг цэрэгт Сүхбаатарыг нас барсны дараах том гарз гэж би өөрөө бодож байснаа л бичсэн. Цоодол энэ талаар над тэгж бич гэж даалгавар өгөөгүй” гэж үнэнээ хэлсэн. (тэр үед Цоодол, Хорлоо хоёр баригдсан байсан)
Хуралд оролцогсод: Чамайг намын товчооны даргаар сонгогдсон 1937 оны арванхоёрдугаарсараас хойш бригадын дарга Жамьянжав, Лхаасүрэн, комиссар Гармаа, Пүрэв, Штабын дарга Намхай, Санжмятав, Зандан бас бус чиний их найзалдаг Эрүү Даш мэтийн этгээд цөм эсэргүү байгаад баригдсан. Чи лав тэдний хань хамсаатан байх ёстой гэж бараг хүн бүр шаардан дээрх “эсэргүү” нартай яаж найзалдаг, гэр орноор нь очдог гэх зэргээр шүүмжилж байлаа. Гэтэл тэр үед бригадын улс төрийн сургагч байсан Крамаренко гэдэг хүн үг хэлэхдээ: Бригадын удирдах дарга комиссарууд хорлон сүйтгэх эсэргүү ажил хийж байхад намын товчооны дарга мэдэхгүй байх учиргүй. Манай ажилчин тариачны улаан цэргийн дотор байсан ардын дайснууд юуны өмнө большевик намын гишүүд, улс төрийн ажилтнуудыг элсүүлдэг байлаа. Иймд Бавуудоржийг тэд элсүүлсэн байх гэж би бодож байна. Хэрэв намын товчоо сайн ажилладагбол гишүүдийн сонор сэрэмж өндөр дайсан этгээдүүдийг цаг тухайд нь илрүүлэх ёстой байсан гэсэн утгатай үг хэлснээс хойш ганц миний тухай хоёророй цэрэг унтсанаас хойш намын гишүүд шүүмжлэн хэлэлцээд намайг “Биеэ илчлээгүй, эх орон нам, засаг, Маршал Чойбалсанд хайргүй этгээд” гэж намын товчооны даргаас халж, намаас хөөгөөд гаргасан юм.
Би шөнийн гурванцаг орчимд гэртээ ирээд нойр ч хүрэхгүй байсан учир цэргийн намын комисс, Намын төв хянан байцаах комисстхилсээр намаас хөөгдсөн гомдлын өргөдлийг бичээд маргааш нь аваачиж өгсөн бөгөөд тэгээд бие минь муудаж цэргийн эмнэлэгт хэд хоног хэвтээд эмнэлгийн комиссийн актаар гурвансарын нутгийн чөлөөгөөр явах болов. Би орондоо намын товчооны даргаар сонгогдсон Санжийн Батаад ажлаа хүлээлгэж өгөөд Хөвсгөл аймагт явсан.
Зургаадугаарсарын дундуур чөлөөний хугацаа дуусаад буцаж ирж бригад дээр очиж, намын төв хороо, цэргийн намын комиссд өгсөн өргөдлийн хариуг асуухад чиний шийтгэлийг хүчингүй болгосон. Одоо томилолтын тушаал чинь гарна гэж комиссар Лувсан хэлсэн. Хуягт бригад Халх голд явах тушаал аваад намайг тус бригадын хөнгөн хуягтын дnвизийн I суманд улс төрийн удирдагчаар томилж маршлан Тамсаг булаг хүрсэн. Наймдугаарсарын эхээр манай суманг Тамсагийн VI дивизонд хүч нэмэгдүүлэхээр томилж фронтод явуулсан. Дайн дуусмагц эргэж хуягт бригаддаа буцаж ирсэн.
Түрүүч нь https://www.unuudur.mn/a/283060 Үргэлжлэл бий. Түүхч, доктор О.Батсайхан