
УИХ-ын Тамгын газар хүчин төгөлдөр хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн, эсэх талаарх мэдээллийг нэгтгэн, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан (monitoring.parliament.mn)гийн “Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” дэд системд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулснаа мэдээллээ. Өдгөө манай улсад эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр 937 хууль байгаагаас нийгмийн тодорхой харилцааг зохицуулдаг, байнгын үйлчлэлтэй 346 хуулийг тус системд ялган бүртгэжээ. Эдгээрийн 42 нь үнэлгээ хийх хугацаа болоогүй, 304 нь үнэлгээнд хамруулах шаардлага хангасан хууль аж.
Үнэлгээ хийх хугацаа нь болсон 304 хуулийн 55.9 хувь буюу 170-ийнх нь хэрэгжилтийн үр дагаврыг бүрэн үнэлжээ. Харин 30-ийнх нь үнэлгээг яг одоо гүйцэтгэж байгаа бол 104-д нь огт хийгээгүй гэнэ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т “хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш таван жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно” гэж заасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байсаар өдий хүрчээ. Иймд уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагад энэ чиглэлийн үнэлгээг цаг тухайд нь гүйцэтгэн, үр дүнг нь тухай бүрд ирүүлэх чиглэлийг УИХ-аас хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.