Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн цагдаа” төслийг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, тус дүүргийн төрийн өмчит 25 сургууль ийм цагдаатай болсон бөгөөд өчигдөр тэдэнд батламж гардуулсан юм. Хууль, хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болон эрх зүйч мэргэжилтэй хүмүүсийг сонгон шалгаруулж сургуулийн цагдаагаар ажиллах эрх олгосон гэнэ. Түүнчлэн тэднийг анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх болон үе тэнгийн дээрэлхэлтийн талаар сургалтад хамруулжээ.
Дүүргийн ИТХ, ЗДТГ, Хүүхэд гэр бүл хөгжил хамгаалал болон Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийнхан бэлтгэл ажлаа хангаж, “шинэ мэргэжилтэн”-үүдээ хүлээн авахад бэлэн болсон гэнэ. Сургуулийн цагдаа нар байрлаж ажиллах бөгөөд дүүргийн ЗДТГ-аас нь цалинжуулах юм байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл цаашид нийслэлийн бүх сургуульд хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын цагдаа ажиллуулахаар зорьж буй аж.
Эл төслийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь дүүргийн сургуулиудын аравдугаар ангийн 1000 сурагчаас 2025 онд авсан судалгааны үр дүн гэнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан сурагчдын 980 гаруй нь цахим ба үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэж хариулжээ. Харамсалтай нь, тэдний 27.1 хувь нь дээрэлхэлтэд өртсөн үедээ хэнд хандахаа мэддэггүй гэсэн бол нийт сурагчийн 43 хувь нь нууцаар мэдээлэх боломж (box form) хүссэн байна. Харин 39.4 хувь нь харилцааны сургалт, 35.2 хувь нь хяналтыг чангатгах шаардлагатай гэж хариулжээ. Төслийг хэрэгжүүлснээр хүүхэд бүрд аюулгүй, ээлтэй суралцах орчныг бүрдүүлэх бөгөөд дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Ч.Цэлмэг