Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Бага хурлаа ирэх сарын 7-нд хийхээр товложээ. Үүгээр нийслэлийн намын хорооны даргаас Х.Нямбаатарыг чөлөөлж, орны хүнийг нь томилох талаар хэлэлцэх аж. Хотын дарга асныг эл албан тушаалаас нь чөлөөлөх тухай хагас жилийн өмнөөс л ярьсан юм. Тус шатны Бага хурал хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23 нд болоход УИХын гишүүн Э.БатАмгалан түүнтэй албан тушаалын төлөө өрсөлдөнө гэж байлаа. Гэхдээ бодит байдалд тийм зүйл болоогүй. Эсрэгээр нь Х.Нямбаатар татвараа төлөөгүй гишүүдээ чөлөөлж, оронд нь өөрийн хүмүүсээ оруулсан гэдэг. Тухайн үед тэрбээр хотын даргын “хуяг”тай байлаа. Одоо харин нөхцөл байдал өөр. Түүнийг нийслэлийн Засаг даргын албан тушаалаас өнгөрсөн тавдугаар сард огцруулсан. Тиймээс тус намын дүрмийн дагуу одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва “давхар дээл” өмсөж, сууриа батжуулах учиртай.
ИЖИЛСЭЛ БА ДАВХЦАЛ
МАНын үндсэн дүрмийн 24.3т “УИХын сонгуульд олонх болбол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Бусад шатанд ч эл зарчим үйлчлэхээр дүрэмд нь заажээ. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХын сонгуульд олонх болсон бол тухайн шатны даргыгаа Засаг даргад нэр дэвшүүлнэ гэсэн байна.
Үүний дагуу одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн МАНын хорооны даргын тамгыг атгах аж. Түүний хувьд өнгөрсөн таван сарын турш Г.Занданшатартай ижил нөхцөл байдалд байсан юм. Тэрбээр нийслэлийн ИТХын төлөөлөгч биш, намынхаа хотын хорооны дарга ч бус. Нэг ёсондоо “сул” хүн. Тиймээс хэдэн сарын турш нам дотроо хүчгүй Засаг дарга явж ирлээ. Тэнд байр сууриа бэхжүүлэхийн тулд нийслэлийн хорооныхоо дарга болох учиртай. МАН-ын даргын төлөөх сонгуульд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэр гүүнүүд өрсөлдсөнөөр эрх баригчдын талцал улс орны асуудал болтол томорсон. Эцэст нь Г.Занданшатар “жинхэлж” чадалгүй огцорсон түүх саяхных. Харин Б.Пүрэвдагва ийм зовлон үзэхгүй. Таван сарын турш тэр “сул” нэгэн байсан ч одоо нийслэлийн МАН-ын хорооныхоо даргын тамгыг авах зам нь харьцангуй дардан болсон. Тус намын гишүүн хэн ч танхимаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломжтой ч Удирдах зөвлөлийнхөө түвшинд тохирсон, мөн “дундын хувилбар”, нам дахь бүлэглэлүүдийн хэн хэнд “нүүртэй” хэмээн түүнийг хотын дарга болгож байсныг санах хэрэгтэй. Тиймээс Х.Нямбаатар л саад болдоггүй юм бол шийдвэр нэгэнт гарсан гэсэн үг.
Нөгөө талд хотын дарга асны нөхцөл байдал үеэл Л.ОюунЭрдэнийнх нь үйлдлийг санагдуулж буй юм. Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараа тэрбээр МАНын даргын тамгыг өгөлгүй яг таван сар болсон юм. Мөн хилийн чанадыг зорьж, УИХын гишүүний үндсэн ажил, үүргийг хэсэг хугацаанд умартсан. Өндрөөс унасан “шок”-ноосоо гарч чадаагүй ч биз, бас Засгийн газрыг унагаж, хариугаа авах ажиллагаагаа төлөвлөсөн. Улмаар МАН-ынхан талцалдаа түр цэг тавьж, Н.Учралыг даргаараа сон гох үед Л.ОюунЭрдэнэ сая нэг тамгаа хүлээлгэж өгсөн. Х.Нямбаатар ч мөн хотын даргаас чөлөөлөгдсөнийхөө дараа сурахаар Канад улсыг зорьсон. Л.ОюунЭрдэнээс ялгаатай нь төрөлхийн хэл амтай зангаа татаж чадсангүй. Үе үе цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, ноцтой мэдээлэл бүхий пост бичсэн шиг сууж байгаа. Уг нь тэр бас нийслэлийн ИТХын төлөөлөгч юм шүү дээ. Гэвч энэ ажил, үүргээ мөн л мартжээ. Бас хотын даргаас чөлөөлөгдсөнөөс хойш таван сар гаруйн турш нийслэлийн МАН ын даргын тамгыг хадгалжээ.
СҮРДҮҮЛЭГ, ГОМОРХОЛ
Нэгэнт тэр нийслэлийн Засаг дарга биш бол сон учраас намынхаа дүрмийн дагуу намын хорооны даргын албан тушаалаас ч чөлөөлөгдөх нь зүй. Хэдий тийм боловч дуугүй байсангүй, гомдоллохоо ч мартсангүй. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан хотын дарга Б.Пүрэвдагвад үг дайжээ. Үүнд “Чи сөөм газар ч чөлөөлөөгүй, юу ч хийхгүй байгаа шүү. Тархи чинь хүрдэггүй юм гэхэд хүний эхлүүлсэн ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлмээр юм. Хотын захиргааг авлига нэхсэн залуучуудын холбооны хэдэн хүнээр дүүргэлээ. Хүргэн хүү, чиний хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёс хугацаатай гэдгийг санаарай. Шүүмжилсэн болгонд хэрэг үүсгэж, сошиалаар яллах хугацаа чинь найман сарын дараа дуусна. Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал гурваар бүхнийг дийлж л бай. Зөвхөн надтай тэмцэх гэж бүх төслийг зогсоосон. “Туулын хурдны зам”ын ажлыг хууль бусаар зогсоосон танай гэр бүл алдангийг төлөх өдөр ирнэ ээ” хэмээн “занал хийлжээ”. Хотын дарга Б.Пүрэвдагва бол Ерөн хийлөгч У.Хүрэлсүхийн зээгийн аав юм. Өөрөөр хэлбэл, экс хүргэн нь учраас Х.Нямбаатар ийнхүү тодотгосон байх нь.
Түүнийг хотын дарга байхдаа зарим сайтад “тусгай” төлбөр төлж, иргэдийн эсрэг тур хирсан хэмээх шүүмжлэл эдүгээ өрнөж, нэр бүхий сэтгүүлчдийн авлигад авсан байж болзошгүй газар, эд хөрөнгийн талаар шуугьж байна. Иргэн Г.Уянга энэ тухай баримт дэлгэж буй. Тэгвэл уг асуудалд тэрбээр “Х.Нямбаатар гэдэг зохиомол дайсан бий болгож, бүх зүйлд буруутгалаа” хэмээн гомдоллов. Мөн “Намайг хэд хэдэн зүйлээр буруутган шалгаж байгаа. “Туулын хурдны зам” төсөл 2013 оноос эхэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын дунд, урд хугацааны хөгжлийн бодлогод ч тусгасан байгаа. ЗТЯ-наас зургийг нь баталсан. Би Засаг дарга болоод олон улсад нээлттэй тендер зарлаж, сайн компанийг сонгож гэрээ хийсэн юм. Олон улсын дундын баталгаа байршуулж, урьдчилгаа 500 тэрбум төгрөгийг олгосон. Уг мөнгийг би авч зугтаагүй. АТГ-т үүнийг битүүмжилсэн. Дээрх төс лийг хэрэгжүүлсэн бол түгжрэл 30 хувиар буурах байлаа. Мөн нөгөө тал нь арбитрын шүү хэд хандвал хууль бусаар зогсоосон хүмүүс төлбөр төлнө. Үүнийг Н.Учрал, Б.Энхбаяр нар зогсоосон. Тэд төлбөрт унахгүйн тулд надад ял тулгуулж байна. “Сэлбэ” дэд төвийн газар чөлөөлөх 700 тэрбум төгрөгийн талаар бас ярьж буй. Газраа чөлөөлж өгсөн иргэд энэ мөнгийг авсан. 5000 айлын газрыг чөлөөлсний 90 хувь нь орон сууцад орохоор болсон” гэв.
Тэр үнэхээр л ярьж байгаа шигээ буруугүй юм бол яагаад хил давж зугтсан бэ. Гэвч “Би шалгуулна, энэ бүхнээ тайлбарлана, та нар бүү санаа зов. Ирэх долоо хоногт лайв хийхдээ хэзээ очиж шалгуулахаа хэлье” хэмээсэн. Хуулийн байгууллагаар шалгуулж буй хүн атлаа хэзээ очих, яахаа өөрөө шийддэг аж. Их л эрх дураар юм. Тэрбээр өөрийнх нь хэлснээр “манай дэглэм”ийнхээ эсрэг ганцаараа тэмцэж байгаа гэнэ. Бас нийслэлийн МАН-ын даргын албыг авахын тулд өөрийг нь “зохиомол дайсан” болгосон хэмээв. Гэхдээ дүрмийн дагуу тамгаа шилжүүлэх бололтой юм билээ. Учир нь дээгүүрээ тохиролцсон учраас гомдоод, сүрдүүлээд ч нэг их хол явж чадсангүй.
ХОЁР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн МАН-ын Бага хурал удахгүй болох үед Х.Нямбаатар бараг ирчхэж мэдэх нь. Гэхдээ түүнийг байсан ч, байгаагүй ч гишүүдийн олонхын саналаар хурал хийх боломж дүрэмд нь бий аж. Мөн эл хурлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгино хайрханы Засаг дарга Ц.Баттөр нарыг ч чөлөөлөхөөр төлөвлөжээ. Энэ тухай чиглэлийг тухайн дүүргийн ИТХд нь хүргүүлнэ гэсэн үг. Тэд бол Х.Нямбаатарыг хотын дарга байхад томилогдсон хүмүүс. Н.Мандуул 2024 оны дөрөвдүгээр сараас Х.Нямбаатарын санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад мөн оны долоодугаар сард түүний нэгдүгээр орлогч болсон. Улмаар арав дугаар сард Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож байжээ. Ц.Баттөр нь 2024 оны арав дугаар сард Сонгинохайрханы Засаг дарга болсон аж. Тэрбээр Х.Нямбаатартай нэг их сургууль төгссөн, хотын дарга асныг дээрх дүүрэгт ажиллаж байхад зам нийлсэн дүү нь гэхэд болно. Тэгвэл тэдний оронд Чингэлтэйд З.Тө мөртөмөө, Сонгинохайрханд Г.Батзориг нарын нэр яригдаж эхэлжээ. Тэд нийслэлийн ИТХ ын төлөөлөгчид юм. Дарга өөрийнхөө багийг бүрдүүлдэг бичигдээгүй дүрэм бий. Экс хотын дарга ч үүнийг бичлэгийнхээ үеэр онцолсон. Үүний дагуу Б.Пүрэвдагва ч хүмүүсээ томилж буй бололтой юм.
Ямартай ч Л.ОюунЭрдэнийн бүлэглэлээс МАН-ын удирдах багт багтсан гол хүмүүс нь ийнхүү ажлаа өгөөд дуусаж байна. Эдүгээ эрх баригч намын ч, төрийн гол албан тушаалуудыг ч нөгөө талынхан нь бүрдүүлэв. Тиймээс Х.Ням баатарыг нийслэлийн МАН-ын даргаас чө лөөлж, дүүрэг дэх түүний хүмүүсийг ч “цэвэрлэснээр” эл нам дахь үеэлүүдийн “ноёрхол” ийнхүү дуусаж байх шиг. Тэд мэдээж шууд бууж өгөхгүй. Хотын даргын албан тушаалаас бууснаасаа хойш Х.Нямбаатар ганцаараа “тэмцээгүй” л болов уу. Түүнийг ийнхүү “жүжиг” тавьж байх зуурт үеэл нь төлөвлөгөө боловсруулж байхыг үгүйсгэхгүй. Х.Ням баатарын хэлсэн найман сарын хугацаа гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж буй хэрэг. Эл сонгуулиар У.Хүрэлсүхийн бүрэн эрх дуусна. Түүний оронд “30-ийн бүлэг” буюу Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын талынхан хүнээ сойхоор төлөвлөж буй нь мэдээж. Олонхын тал ч тэдэнд “хүрд эргүүлэх боломж”оо алдахгүйг хичээнэ. Гэхдээ энэ сонгуульд “ялна” гэдэгтээ эрх баригч нам доторх цөөнх их л итгэлтэй яваа бололтой.