Хаалга нээгдэхтэй зэрэгцэн хүмүүс бие биеэ түрэн дотогш тэмүүлнэ. Автобусанд суух гэж яарсан зорчигчид буух хүмүүсийн замыг хааж, нэгнийхээ хөл дээр гишгэх нь холгүй зүтгэнэ. Хаалга хаагдмагц зорчигчдыг дараагийн “даваа” угтана. Нэг гараараа бариулаа атгаж, нөгөө гараараа цүнхээ хамгаалан, хөл тавих төдий зай хайн тэмтчих зуур 50 орчим насны эмэгтэй утсаар чанга ярих нь хөдөлгүүрийн нүргээнтэй холилдон, автобус даяар сонсогдоно.
“Жаахан цаашаа болооч” гэж нэг нь уцаарлахад “Хөл гишгэх ч зай алга” хэмээн нөгөөх нь амандаа бувтнах аж. Аз таарч суудалд суусан ч амар заяа үзэхгүй. Багталцаж ядан зогсох хүмүүс нэгнээ загнаж зандран, хүнд цүнхээрээ нүүр лүү цохих, үснээс зулгаах нь энүүхэнд. Автобус огцом тоормослох бүрд зарим нь сууж байгаа нэгнийхээ өвөр дээр унах шахам дайвалзана. Яарсан хүмүүсийн ядарсан царай, утасны цаана өрнөх хувийн яриа, хааяа нэг сонсогдох хараалын үг, “Картаа уншуулна уу” гэх төхөөрөмжийн дуу гээд нийтийн тээвэр дотор өрнөх дүр зураг нэг иймэрхүү. Гэвч бид хотын энэ бужигнааныг байх л ёстой мэтээр хүлээн авч, автобусанд арай ядан багтаж яваадаа олзуурхан хэвийн үзэгдэл хэмээн дасчихжээ.
“МӨЛХДӨГ” ЖОЛООЧ
Жил бүрийн энэ үед авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал нийслэлчүүдийн толгойны өвчин болдог. Ялангуяа Яармаг, Шархад, Таван шар чиглэлд зорчдог иргэд оройдоо дор хаяж 2-3 цагийг зам дээр өнгөрүүлэх нь өнөө цагт байдаг л зүйл мэт. Цаашлаад Улиастай, Хужирбулан, Гачуурт, Налайхад амьдардаг иргэд автобусаа хүлээн, өвлийн хүйтэнд дагжин зогсох нь өрөвдөлтэй. Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр өчигдрийн байдлаар нийслэлд 97 чиглэлд 1163 автобус 06.40-22.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Өнгөрсөн өвлөөс оргил ачааллын үеэр замын нэг урсгал түгжирч, нөгөө нь харьцангуй сийрэг байгааг харгалзан зарим чиглэлд богино эргэлтийн автобус явуулж эхэлсэн. Эл шийдэл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн ч түгжрэл буурч, иргэдийг туйлдуулахаа больсонгүй. Энэ талаар нэгэн иргэн “Өглөө бүр автобусанд чихцэлдэж явахаас үнэндээ залхаж байна. Яармагийн автобус хэд хэдээрээ дараалж ирснээ заримдаа 30-40 минут алга болчихдог. Автобусны тоог нэмлээ гэдэг хөрсөн дээрээ, бодит амьдралд юу ч өөрчлөгдсөнгүй. Үндсэндээ бариулаас атгаад, бухимдлаа залги гэсэн дүрэм л нийслэлчүүдэд үйлчилж байна. Хэдийгээр ингэж явахыг хүсэхгүй байгаа ч бидэнд өөр сонголт алга шүү дээ” хэмээсэн. Өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед автобусанд багтахын төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх нь тодорхой. Үүн дээр үйлчилгээний хуваарьтай холбоотой асуудлууд ч нэмэгдэнэ. Иргэдийн олонх нь ажил, хичээлдээ яарч, цагтай уралдан яваа ч жолооч нар “цаг барих” нэрээр “мөлхдөг”. Тэгвэл М1 чиглэлийн автобусны жолооч М.Цэнд-Аюушаас энэ талаар тодруулахад “Эхний буудлаас эцсийн зогсоол хүртэл явах тогтсон хугацаа гэж бий. Үүнээс өмнө очвол ажилласан цагаас хасагдаж, шугамын үнэлгээнд муугаар нөлөөлдөг. Тиймээс бид хугацаандаа тааруулж удаан явахаас өөр аргагүй. Үүнээс үүдэж иргэдтэй маргах тохиолдол гардаг ч хугацаагаа барихгүй бол цалингаа хасуулна шүү дээ” гэв. Харин Нийтийн тээврийн бодлогын газрынхан “Тогтсон цагийн хуваарь байдаг нь үнэн. Гэхдээ эрт очсоны төлөө ажилласан цагаас хасаж боддоггүй. Одоогоор тухайн асуудалд санал оруулж, ямар шийдэл байж болох талаар судалгаа хийж байна” гэх аж. Ийнхүү жолоочийн нөхцөл байдал, албаныхны тайлбар хоёрын дундах ойлголцлын заагт иргэд алтан цаг, эрүүл мэндээрээ хохирсоор буй нь харамсалтай.
Авто замын түгжрэл, шахцалдаан дунд хэн нэгэн биед нь санаатайгаар хүрэх, зохисгүй үг “шидэх”, цаашлаад бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол ч гардаг. Өөрөөр хэлбэл, автобусанд хүн олшрох тусам бидний хувийн орон зай тэр хэрээр хумигдсаар байдаг. Гэхдээ энэ нь бусдын биед дураараа хүрэх, цүнхээрээ түлхэх, хүсээгүй мэдрэмж бүхнээ хүлцэн тэвчих ёстой гэсэн үг биш. Харин ийм нөхцөлд зорчигчид тэр бүр эсэргүүцэж чаддаггүй. Зарим нь эвгүйцсэн ч дуугүй өнгөрнө. Нөгөө хэсэг нь буруу ойлгогдохоос эмээх бол асуудал үүсгэхийг хүсэхгүй, буух буудлаа хүлээх нэгэн ч бий.
Автобусны хаалга нээгдэж, хүмүүс буухад асуудал нь тэндээ үлдэнэ. Гэвч хүчирхийлэлд өртсөн хүний хувьд хэдхэн минутын таагүй явдал дараагийн удаа нийтийн тээврээр зорчихдоо хүртэл сэрэмжлэх шалтгаан болдог. Тиймээс автобусны аюулгүй байдлыг зөвхөн зам, тээврийн осол, техникийн бүрэн бүтэн байдлаар хэмжих нь өрөөсгөл. Зорчигч биед нь халдах вий гэж айхгүй, эд зүйлээ алдах вий хэмээн түгшихгүй, асуудал гарвал тусламж авч чадна гэдэгтээ итгэлтэй байх учиртай. Аюулгүй байдлаас гадна олон хүн шахцалдсан, агааргүй орчинд хэтэрхий хурц үнэртэй ус түрхэх нь дотор муухайруулж, толгой өвтгөх зэргээр дарамт болдог.
КАМЕР БИЙ Ч ХЯНАХ МЕХАНИЗМ АЛГА
Автобусны таазанд байрлуулсан камер зорчигчдод тодорхой хэмжээнд итгэл төрүүлж, хулгай болон маргаан гарвал бичлэг үлдэнэ гэж найддаг. Гэхдээ камер байна гэдэг нь тухайн мөчид хэн нэгэн дүрс бичлэгийг шууд хянаж, гарч буй зөрчлийг таслан зогсооно гэсэн үг биш юм.
Авто тээврийн тухай хуулийн 15.9.1-т нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай талаар тусгасан байдаг. Тэгвэл уг шаардлагыг бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг болов уу. Нийслэлийн автобусны хэдэн хувь нь камертай вэ. Бичлэгийг хэн, ямар давтамжтайгаар хянадаг, цаашлаад зорчигч гомдол гаргавал бичлэгийг хэрхэн шалгуулж, хариуг нь хэдий хугацаанд авах боломжтой вэ. Энэ мэт асуултад тодорхой хариултгүй бол камер нь зөрчил гарсны дараа хэрэг болохоос хэтэрдэггүй. Харин зорчигчдод нэн шаардлагатай зүйл бол зөрчлийг зөвхөн бичиж үлдээхээс гадна гомдлыг нь түргэн шуурхай шалгаж, тухайн үед нь арга хэмжээ авдаг хяналтын систем юм.
Гадаадын ихэнх хотод нийтийн тээврийн соёл, аюулгүй байдлыг зөвхөн зорчигчдын ухамсарт даатгахын оронд зөрчил мэдээлэх, шалгах тусгай тогтолцоотой. Тухайлбал, Лондонд нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангахдаа камер суурилуулахаас гадна зөрчилд хариу үзүүлэх тогтолцоог чухалчилдаг. Лондоны тээврийн байгууллага цагдааг нартай хамтран ажиллаж, зорчигчидтой шууд харилцдаг ажилтнуудаа бэлгийн дарамт, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэгт хэрхэн хариу үзүүлэх талаар сургадаг. Мөн дүрс болон дууны бичлэгийг олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагад татахад ашигладаг аж. Тус хотод нийтийн тээврээр зорчиж байхдаа бэлгийн дарамтад өртсөн, эсвэл ийм үйлдлийн гэрч болсон хүн цагдаад мэдээлэх боломжтой. Мэдээлэл бүрийг шалгах нь зөвхөн тухайн хэрэгт хариу өгөхөөс гадна зөрчил давтагддаг газар, нөхцөлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахад чухал үүрэгтэй гэнэ.
Харин Улаанбаатарт зорчигч ийм нөхцөлтэй тулгарвал хэнд хандах, камерын бичлэгийг хэрхэн шалгуулах, гомдлынхоо хариуг хаанаас авахаа тэр бүр мэддэггүй. Тиймээс автобусанд камер суурилууллаа гээд иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж эндүүрч болохгүй. Хамгийн чухал нь тэдгээрийг үр дүнтэй ашиглах хяналтын тогтолцоо бүрдүүлж, гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх механизмыг зорчигчдод ойлгомжтой, хүртээмжтэй болгох юм.
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЗОРЧИХ СТАНДАРТ, ДҮРЭМ ХЭРЭГТЭЙ
Автобус хөдлөхөд зарим хүн цүнхээ урдаа тэвэрч, халаасаа ахин дахин тэмтэрнэ. Утсаа алдчих вий, түрийвчээ суйлуулчих вий гэсэн болгоомжлол нийслэлчүүдийн хувьд хэдийн танил дүр зураг болсон. Үүгээр зогсохгүй автобусанд утсаар ярих хүн ганц нэгээр тогтохгүй. Зарим нь гэрийнхэндээ юу хийхийг зааварлаж, нөгөө нь ажлынхаа талаар ярьж, бас нэг нь найздаа болсон явдлаа эхнээс нь дэлгэнэ. Чихэвчгүйгээр бичлэг үзэж, хөгжим сонсдог хүн ч бий. Ингээд бусдын хувийн яриаг хүсээгүй ч сонсож, чанга дуу чимээнээс зугтах аргагүй болно. Тэгвэл гадаадын оронд үүнийг хэрхэн зохицуулдаг вэ. Японд нийтийн тээврээр зорчихдоо гар утсаа чимээгүй горимд тохируулах, утсаар ярихаас зайлсхийхийг иргэдэд зөвлөдөг. Мөн үүд орчимд зогсохгүй, дотогш нэвтэрч бусдад зай гаргах, үүргэвч болон том цүнхээ бусдад саад болохооргүй авч явахыг сануулдаг байна. Харин БНСУ-ын Сөүл хотод метронд заавал чихэвч хэрэглэхийг уриалж, чанга дуу чимээтэй холбоотой гомдлыг тусгайлан авч үздэг байна. Дуу чимээний талаар зорчигчид өртөөний ажилтанд биечлэн мэдэгдэх, метроны албан ёсны аппликэйшн, эсвэл хэрэглэгчийн үйлчилгээний сувгаар гомдол гаргах боломжтой.
Үндсэндээ нийтийн тээврийн соёл гэдэг нь ахмад настанд суудал тавьж өгөх, хаалганаас хол зогсох гэсэн хоёрхон заалтаар хязгаарлагдахгүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд баримтлах тодорхой дүрэмтэй болж, бусдын орон зайг хүндэтгэн, хурц үнэртэй усаар нэгнээ “утахгүй”, зөрчил гарвал үл тоомсорлохгүй байх соёлыг хэвшүүлэх цаг болсон. Харин тээврийн байгууллагын хувьд автобусны хүрэлцээ, цагийн хуваарь, камерын ажиллагаа, гомдол шийдвэрлэх журмаа тодорхой болгож, зорчигчдод ойлгомжтой мэдээлэх нь чухал аж.
У.Сүрэн