Бид хэзээ нэг хүүхдэд зориулсан хоттой улс болох вэ. Хуучин байшин будаж засахыгаа эрх баригчид хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт гэж ойлгоод байх шиг. Эсвэл арга хэмжээ, уралдаан тэмцээн, баярын тоглолт зохион байгуулсныгаа тэдний төлөө ажиллаж байна гэж эндүүрдэг. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нэг ээлждээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн улирлын зуслангаар Хотын дарга Б.Пүрэвдагва багачуудад бэлэг барилаа” гэж бараг бүх хэвлэлээр “сэвүүлсэн”. Ашиглалтад оруулчхаад баярынх нь өдрөөр хүлээлгэн өгч байна уу гэтэл пиардсан даа. Атал 2028 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй төсөл болж таарав. Сайд, дарга нар хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй хэрнээ тэднээр ийн шоудахдаа мэргэшсэн улс.
Төр засгаас сүүлийн 48 жилд хүүхдэд зориулсан ганц ч зуслан байгуулаагүй. Нийслэлээс үнэхээр дөрвөн улирлынхыг бариад өгвөл алга таших хүн олон. Даанч уг төсөл нь бас л бүрхэг болоод явчхав. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд “Найрамдал-2” төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил нь өдгөө ид өрнөж буй нь бол үнэн. 60 га талбайд сүндэрлэх энэхүү зуслан нэг ээлждээ 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, цаашид цогцолбор байдлаар үйл ажиллагааг нь өргөжүүлнэ гэж ГБХНХЯ-наас саяхан мэдэгдсэн билээ. Үүний хүрээнд “Найрамдал-2”-ыг газрын төлбөрөөс чөлөөлөх, хувьсах зардал олгох, дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгоно хэмээн сайд нь амлаад буй. Хотын дарга арай энэ зуслангийн талаар яриагүй байлтай. Үүнээс өөр хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт улсын хэмжээнд алга.
Салбарын яамны судалгаагаар өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 56 зуслан ажиллаж, 91 мянга гаруй хүүхэд амарчээ. Гэвч энэ нь нийт хүүхдийн ердөө 10 орчим хувьтай л тэнцэж буй юм. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон дунд ангийн нийт сурагчийн 40 орчим хувь нь ямар нэгэн дугуйлан, секцэд огт хамрагддаггүй гэсэн судалгааг Монголын хүүхдийн ордноос гаргажээ. Энэ бол Монголын төр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад хагас зуун жил гар татсаны хар гай. Тэдний гэсэн бүх өмчийг хулгайлж авсны гор. Түүнээсээ ганцыг нь л буцааж өгөх шив. Тодруулбал, Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Хотын захиргааны хуучин барилгыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 26-ны хурлаар Хүүхдийн ордонII болгохоор шийдвэрлэсэн. Дарга нарын нэг их саймшраад байх зүйл ч биш. Учир нь уг барилгыг анхнаасаа л хүүхдэд зориулан барьсан юм билээ. Эдүгээ тус барилгыг Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон болгон хөгжүүлэхээр шинэчлэн засаж байна.
Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа энэ талаар “Засвар, үйлчилгээг богино хугацаанд чанартай хийхийн тулд зургаан аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж буй. Тухайлбал, гаднах фасад болон дээврийн засварыг Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрынхан гүйцэтгэж, цахилгаан, сантехникийн засварыг ОСНААУГ хэрэгжүүлэн, нэг, хоёр, гуравдугаар давхрыг нийслэлийн харьяа бусад байгууллагынхан шинэчлэн тохижуулж байна. Цаашлаад хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага нэгдэх хүсэлтээ ирүүлсэн” гэж ярилаа. Шинжлэх ухаан, технологийн ордныг ирэх сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөө албаныхан хэлсэн. Алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдийг хамруулах зорилгоор автобусны тусгай, тогтмол шугам нээх, мөн орон нутгийнхныг сургалт, дугуйланд цахимаар хамрагдах бололцоог нь бүрдүүлж, сурч хөгжих, мэдлэг боловсролоо тэлэх боломжоор хангана гэсэн юм. Тус ордонд хиймэл оюун, кибер аюулгүй байдал, дижитал үйлдвэрлэл, VR, AR, дрон, кодчилол зэрэг орчин үеийн технологийн сургалт явуулахаас гадна хими, физик, биологийн лаборатори ч байгуулах аж.
Яг үнэндээ Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс өөр нийслэл, аймаг, сумуудад багачууд өдөр бүр очиж тоглох, суралцаж, бүтээн туурвих, спортоор хичээллэж, ном унших, найз нөхөдтэйгөө уулзаж, аюулгүй, чөлөөтэй байх орон зай үгүй. 2026 оны байдлаарх улсын хүн амын бүтэц, хотжилт, шилжилт хөдөлгөөн, хүүхдийн хэрэгцээ, боловсролын шинэ чиг хандлага, хөгжлийн ялгаатай байдлыг авч үзвэл хэдэн арван жилийн өмнөх эл хоёр байгууллага хаанаа ч хүрэлцдэггүй, үйл ажиллагаа нь ч хүртээмжтэй бус хэвээр. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хүүхдэд зориулсан дэд бүтэц хот, улс орны хэмжээнд бий болоогүй гэсэн үг. Уг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдэд тухайлбал, 2024-2026 онд Өвөрхангайн Хархорин сумд хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хүүхэд хамгаалал, хөгжлийн төв, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт иргэд, хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан төв байгуулна гэж тусгажээ. Гэвч одоо болтол ажил хэрэг болгоогүй.
Харин өнгөрсөн жил Орхон аймгийн ЗДТГаас НҮБ-ын Хүүхдийн сан, Британийн Элчин сайдын яамтай хамтран эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсгүй, хүүхдэд ээлтэй хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлжээ. Уг төв нь орон нутгийн тав хүртэлх насны хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад хүрч үйлчлэх зорилготой бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Тэгвэл дэлхийн хэмжээнд хүүхдийн асуудлыг ингэж харж байна. 2026 оны нэгдүгээр сард ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хабитат байгууллагынхан хамтран хүүхдийн нийтийн орон зайн тухай шинэ удирдамж гаргажээ. Уг баримт бичигт тоглох нийтийн орон зай нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, сайн сайхан байдлын үндсэн хэсэг бөгөөд тэдний эрхтэй шууд холбоотой гэж тодорхойлсон байв. Удирдамжийн гол зарчмыг хэдхэн үгээр буюу аюулгүй байдал, тоглох боломж, хүүхдийн эрүүл мэнд, тэгш, тогтвортой байдал, хүртээмжээр илэрхийлжээ. Хүүхдэд ээлтэй хотын тухай НҮБын Хүүхдийн сангийн үзэл баримтлал бүр ч өргөн аж. Хотын төлөвлөлтөд хүүхдийн эрхийг тусгахдаа аюулгүй, цэвэр орчин, орон сууц, эрүүл мэнд ба боловсролын үйлчилгээ, ногоон, аюулгүй орон зай, бие даан зорчих боломж, ус, ариун цэвэр, хүнсний хангамж, эрчим хүч, дижитал хүртээмж зэргийг авч үздэг.
Олон улсын жишгээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт гэдэг нь ганц барилга барихыг ч хэлдэггүй. Амьдрах орчныг бүхэлд нь хүүхдэд ээлтэй болгох явдал гэдгийг дээрх байгууллагууд онцолжээ. Харин манай хот, суурин газрын төлөвлөлтийн хамгийн том дутагдал нь хүүхдийг ихэнхдээ хэрэглэгч биш, “объект” гэж хардагт оршино. Өөрөөр хэлбэл, тэдний оролцоог хангадаггүй, чухалчилдаггүй. Хүүхэд өөрийн амьдрах орчныхоо талаар, юу хэрэгтэйгээ хэлэх эрхтэй төдийгүй төлөвлөлт, шийдвэр гаргалтад ч оролцох ёстой гэнэ. Нидерландад багачуудад ээлтэй хороолол, хотхон төлөвлөхдөө хүүхэд, залуусын оролцоо, өгөгдөлд тулгуурласан бүсчилсэн загвар гаргаж, тоглох болон уулзаж, болзох орон зайг нь бүрдүүлж, ногоон байгууламж, хүртээмжийг давхар шийддэг байна. Тэр ч байтугай шинэ хорооллын тендер, төлөвлөлтөд автомашины зогсоолоос илүүтэй хүртээмжийн ийм шийдэл хэчнээн байх вэ гэдэгт анхаардаг.
Сингапурт ч хүүхдийн тоглох боломжийг тусгай нэг байршилд “хаших” гэхээсээ нийтийн орон зайд шингээх бодлого хэрэгжүүлдэг аж. Хотын “Master plan-2025”-ын хүрээнд оршин суугчдын гэрт ойр парк, задгай талбай, спорт, урлаг, бусад хөгжлийн төв, амралтын бүс, цогцолборыг нэмэгдүүлэхээр төлөвлөн, бүтээн байгуулж байна. Мөн “Friendly streets” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд сургууль, үйлчилгээний газарт аюулгүй алхаж, дугуйгаар зорчих боломж бүрдүүлжээ.
Бусад улсын энэ мэт сайн туршлагаас будаа идэх хэрэгтэй. Сургууль хүртэлх зам, орон сууцын дундах талбай, номын сан, парк, спортын талбай, автобусны буудал, явган болон дугуйн зам, нийтийн ариун цэврийн байгууламж хүртэл хүүхдэд зориулсан дэд бүтэц юм. Нүсэр байгууламж, ордон гэхээсээ урьтаад бид адаглаад л эдгээр дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагатай юм. Харин үүний дараа бүтээн байгуулалтын тухай ярихад оройтохгүй. Жинхэнэ бүтээн байгуулалт гэдэг нь анхнаасаа хэрэгцээг нь судлах, тохирох байршил сонгох, хүүхдийн оролцоог хангах, хүртээмжийн стандартыг мөрдөх, аюулгүй байдлыг тооцох, үйл ажиллагааны төсөв гаргах, ажиллах хүний нөөцийг бэлтгэх, ашиглалтыг олон жил тогтвортой санхүүжүүлэхийг хэлдэг. Цаашлаад тогтмол ашиглаж буй, эсэхээр, хүүхдэд аюулгүй, хөгжлийн бэрхшээлтэйд хүртээмжтэй юү, урсгал засвар, ашиглалтын төсөв хангалттай, үгүйгээс, мөн эрүүл мэнд, суралцах чадвар, хөдөлгөөн, нийгмийн харилцаанд ямар нөлөө үзүүлснээс шалтгаалан эл ажлыг үнэлж дүгнэдэг байна. Эдгээр асуултад хариулт өгч чадахгүй бол “хүүхдийн төлөө” гэсэн гоё үгний ид шид гарахгүй.
“20 минутын хот” гэдэг шиг хүүхдэд ч ийм орчин бүрдүүлэхийг улс орнууд зорих болжээ. Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн гэрээсээ гараад 10 минутын зайд тоглох, ном унших, спортоор хичээллэх, ногоон орчинд байх, найз нөхөдтэйгөө уулзах боломжтой байхыг хэлж буй. Үүнд үнэтэй барилга шаардлагагүй, сэтгэл байхад хангалттай гэнэ. Улмаар хүүхдийн гэх тодотголтой бүтээн байгуулалтыг улс төрөөс салгах хэрэгтэйг иргэд хэлж буй. Учир нь хүүхдийн эрхийн асуудал нь аль нэг нам, засаг, сайдын өмч биш. Сургуульд номын ганц булан тохижуулж өгчхөөд түүнийгээ “УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит” гээд өмчлөөд, шоудаад байж болохгүй гэсэн үг. Хүүхдийн ордон, хөгжлийн төвүүд бидэнд хэрэгтэй, түүнээс урьтаад тэдэнд ээлтэй дэд бүтэцтэй хот болох ёстой. Иймхотод хүүхдүүд аюулгүй, эрүүл өсөж, хөгжин суралцдаг. Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт л гэхэд хүүхдэд ээлтэй хотын санаачилгад 150 гаруй суурин нэгдээд буйг тэмдэглэх нь зүйтэй болов уу.