Манай улсад төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэнээс шаардах баримт бичгийн нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт юм. Түүний хүчинтэй хугацааг саяхан сунгасан явдал нь өнгөц харвал техникийн шинжтэй шинэчлэл мэт. Гэвч энэхүү жижиг өөрчлөлт нь төрийн албанд хүнийг хэрхэн сонгодог, албан хаагчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ажилд орсноос нь хойш ямар шалгуураар хянадаг, хамгийн гол нь эрх мэдэлтэй, хүч хэрэглэх боломжтой албан тушаалтны зан үйлийн эрсдэлийг илрүүлдэг, эсэх нь илүү том асуудал дагуулаад буй юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2026 оны долоодугаар сарын 30-ны А/242 дугаар тушаалаараа төрийн албаны шалгалтад оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтын хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоосон билээ. Ингэхдээ ерөнхий шалгалтад тэнцээгүй иргэний тодорхойлолт нэг жил, тусгай шалгалтад оролцогчийнх зургаан сарын хугацаанд хүчинтэй байхаар зохицуулсан байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр “Шинэчилсэн журам нь дахин шалгалтад оролцох иргэдийн цаг хугацаа, зардлыг бууруулах зорилготой” хэмээсэн. Тодорхойлолтын хүчинтэй хугацааг уртасгаснаар сэтгэцийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулсан гэсэн үг биш. Харин ч төрийн албан хаагчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг байнга үнэлж, хянах шаардлага эдүгээ үүсээд буйг цөөнгүй жишээ, жигшүүрт хэрэг, хүчирхийллийн тохиолдлууд харуулсаар байгаа билээ.
Тэгвэл үүнээс өмнө төрийн албан хаагчийн сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн үнэлдэг байсныг товч сийрүүлье. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны журамд шалгалтад орох болзол, шатлал дэвшүүлэх загварыг тогтоосон бол 2023 оныход сонгон шалгаруулалтын харилцааг шинэчлэн боловсруулсан байдаг. Үүнээс гадна Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг тэмдэглэж, шаардлагатай тохиолдолд тодорхойлолт гаргасан байгууллагын мэдээллийг бүртгэдэг аж. Уг мэдээлэл нь хувийн нууцад хамаардаг тул задруулахыг хориглодог. Түүнчлэн төрийн тусгай алба, тухайлбал, цэрэг, цагдаагийн байгууллагад илүү нарийвчилсан сэтгэл зүйн шалгуур үзүүлэлт тавьдаг байна.
Харамсалтай нь, үүнийг чанд мөрдөж, үнэлдэггүйгээс тусгай албаныхан цөөнгүй асуудал, гэмт хэрэгт холбогдсоор иржээ. Хамгийн сүүлд гарсан жишээ ч үүнийг нотолж буй юм. Тодруулбал, Налайх дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн офицер, ахмад цолтой Г гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цэргийн цагдаагийн ахлагч Л-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, өнгөрсөн долоодугаар сарын 10-нд хутгалж амийг нь хөнөөчхөөд газарт булснаа хэдхэн хоногин өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Түүний мэдүүлгийн дагуу хуулийн байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, талийгаачийн цогцсыг алга болсноос нь хойш хоёр сарын дараа ийн олсныг бид мэдээлсэн билээ. Хамгийн ноцтой нь, хүний аминд хүрчхээд хоёр сарын турш юу ч болоогүй мэт амьдарсан, цаашлаад хийсэн үйлдэлдээ гэмшихийн оронд талийгаачийн гар утас, фэйсбүүк хаягаар гэр бүлийнхэнтэй нь харилцаж, мөнгө төгрөг авсан, бүр аппликэйшнээс Л-ийн нэрээр мөнгө зээлсэн нь ч тодорхой болоод буй. Нийгмийг цочроосон уг хэргийн дараа иргэд “Энэ бол эрүүл сэтгэцтэй хүнээс гарах үйлдэл яавч биш. Төрийн албан хаагчдыг ажилд авахдаа сэтгэц мэдрэлийг нь давхар шалгадаггүй юм уу. Цэргийн албанд татагдахад нь анги, нэгтгэлийн дарга, офицерууд нь тамласаар байгаад алчихна. Ажиллахаар очихоор нь бас хөнөөчихдөг, ийм харгис байж болох уу. Цэрэг, цагдаагийнхныхаа сэтгэцийг нэн даруй шалгуул” хэмээн шаардах болов.
Уг нь цэрэг, цагдаагийн албанд шинээр ажиллах иргэний эрүүл мэндийн үзлэг, оношилгооны дараа сэтгэл зүйч томилж, тухайн хүний зан төлөв, сэтгэцийг үнэлж, судалдаг журамтай. Ингэхдээ сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанар, оюун ухааны хөгжлийн түвшнийг мэргэжлийн сэтгэл зүйч тогтоодог байна. Гэвч үнэлгээний давтамж, чанар, хяналт муугаас уг үзүүлэлт нь зүгээр л нэг бэлгэ тэмдэг төдий болжээ. Ялангуяа төрийн удирдах түвшний албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг бараг үнэлдэггүй, ганц хуудас цаас бөглүүлсэн болоод орхидог гэх. Тиймдээ ч төрийн удирдах албаныхан доод тушаалтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг, ёс бус харилцдаг, ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрдаг, албан өрөөндөө бие засдаг, хүн зоддог, цаашлаад аминд нь хүрдэг тохиолдол ч цөөнгүй гарсаар байгаа юм.
Нэг удаагийн тодорхойлолт хүний зан үйлийн эрсдэлийг урьдчилан хэлэх боломжгүйг сэтгэл зүйчид хэлдэг. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолттой хүн бүр аюулгүй албан хаагч гэсэн үг биш аж. ДЭМБ-аас ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийг зөвхөн хувь хүний оношид бус, ажлын орчны сэтгэл зүйн эрсдэлтэй холбон үздэг юм байна. Тиймдээ ч тус байгууллагынхан ажлын байрны сэтгэцийн эрүүл мэндийг байгууллагын түвшний эрсдэлийн удирдлага хэмээн тодорхойлжээ. Иймд ажлын нөхцөл, удирдлага, ажилтны арга барил, зан төлөвийг хянаж, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулахыг зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ажиллах хугацаанд нь буюу хөдөлмөрийн нөхцөл, онцлогоос үүдэх сэтгэл зүйн эрсдэлтэй хамт давхар шалгаж байх ёстой гэнэ.
Ялангуяа цагдаа, цэргийн алба хаагчид нь оффисын энгийн ажилтан биш. Тэд цаг ямагт үхэл хагацал, хүчирхийлэлтэй нүүр тулж, зэвсэг хэрэглэх нь ч цөөнгүй. Цаашлаад богино хугацаанд хүний амь, эрүүл мэндэд хамаарах шийдвэр гаргадаг учраас дарамттай нөхцөлд ажилладаг гэж үздэг. Тиймээс сэтгэц, зан төлөвт нь өөрчлөлт орох нь бараг хэвийн үзэгдэл аж. Европын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагаас мэдээлснээр цэрэг, цагдаагийн болон онцгой байдлын ажилтнууд цаг хугацааны дарамтад, урьдчилан таамаглах боломжгүй орчинд, бие болон сэтгэл зүйн өндөр ачаалалтай тулгардаг тул олонход нь стрессийн гаралтай эмгэг үүссэн байдаг. Үүнийгээ эмчлүүлэхгүй явсаар сэтгэцийн эрүүл мэнд нь доройтож, өөрөө гэмт хэрэг үйлдэх, эсвэл хохирогч болох нь олонтоо гэжээ.
Харин манай улс онцгой нөхцөлд ажилладаг, үгүйгээс үл хамааран төрийн албан хаагчдын сэтгэл санааны байдалд анхаардаггүй, стресс үүсгэгч хүчин зүйлсийг нь тодорхойлдоггүй. Тэр хэрээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь орхигдсон байна. ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас 2018, 2020 онд “Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч алба хаагчдын сэтгэц, зан байдлыг үнэлэхдээ стресс, нойргүйдлээс хэтрээгүй гэдэг. Цэрэг, цагдаагийнханд нөхөн сэргээх эмчилгээ буюу хяналтад авах, сэтгэл засал, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлээр сургалт явуулах журамтай ч тэр бүр хэрэгжүүлдэггүй гэх юм билээ.
Ерөнхийдөө төрийн албаны сонгон шалгаруулалтын дараах ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн хяналт маш чухал. Тухайн хүн ажилд орохдоо сэтгэл зүйн хувьд эрүүл байж болно. Гэхдээ хэсэг хугацааны, эсвэл олон жилийн хойно сэтгэц, зан төлөвийн асуудалтай нүүр тулах, цаашлаад тэдгээр шинж тэмдэг, өвчлөл нь хортой үр дагаварт хүргэж болзошгүй тул төрийн албан хаагчийн сэтгэцийн эрүүл мэндийг тусад нь авч үзэх шаардлагатайг дээрх байгууллагууд зөвлөжээ. Учир нь улс орнууд ажилтны сэтгэцийн эрүүл мэндийг бодлогынхоо төв болгодог. АНУ-д төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг жил бүр үнэлж, ажилтны сэтгэл зүйн дарамтын шинж, эрсдэлийг таних, тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг гэнэ. Энэ нь ажилдаа үлдэх, үгүйг нь шийдэх хэрэгсэл ч болдоггүй. Харин манайд энэхүү тодорхойлолт нь ажилд ороход том саад, халах үндэслэл болно гэж итгэдгээс иргэд үүнийгээ үнэн зөв мэдүүлдэггүй аж. Тэгвэл британичууд ачаалалтай ажил, албан тушаалд зориулсан сэтгэл зүйн эрсдэлийн удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэг. Тухайн ажлын байрны эрсдэлийг бууруулах нь уг системийн гол зорилго.
Манай улс эдүгээ мөрдөж буй, төрийн албаны шалгалттай хамт А/242 дугаар тушаалын дагуу авч буй сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтын хугацааг сунгасан нь олон улсын жишгээс харсан ч бодлогын хувьд ухарсан алхам болжээ. Иймд цаашид ажилд орох үед хийсэн анхны үзлэгийг амьдралынх нь турш хүчинтэйд тооцдог нэг удаагийн тодорхойлолтоос татгалзах, өвчтэй, эсэхээс үл хамааран эрсдэлийг нь тооцох, түүнчлэн архи, мансууруулах бодисын хэрэглээ, ажлын стресс, нойргүйдэл, амиа хорлох эрсдэл, хүчирхийллийн түүх, зан үйлийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийг мэргэжлийн аргачлалаар үнэлэх шаардлагатай аж. Мөн сэтгэл зүйн тусламж авахад нууц нь алдагддаггүй, карьерт нь сөргөөр нөлөөлдөггүй байх, хууль хүчний болон удирдах албан тушаалтанд илүү өндөр стандарт тавих, учир нь тэдний сэтгэцийн эрүүл мэнд тухайн хүний хувийн асуудал биш учраас тэр. Эцэст нь энэ бүхэн “галзуу” хүнийг төрийн албанд ажиллуулахгүй байх тухай ойлголт биш юм. Харин төрийн эрх хэрэгжүүлэгчийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих замаар иргэнээ хамгаалах, хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, төрд итгэх олон нийтийн итгэлийг сайжруулах, хүний эрхийг хүндэтгэх энгийн баталгаа гэдгийг улс орнуудын чиг хандлага бидэнд харуулсаар байна.