
Малайзын Селангор мужийн Кланг хотод зохион байгуулсан шатар сонирхогчдын ДАШТ-д манай улсын баг чансааны 1700, 2000, 2300 ангилалд 47 орны 400 орчим тамирчинтай өрсөлдлөө. Эмэгтэйчүүдээс “Их заргач” клубийн дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгалын удирдлагад оролцсон Өвөрхангай аймгийн тамирчин Л.Долгормаа есөн өрөг тоглосноос 7.5 оноотой түрүүлж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангав. Тус ангилалд оюунаа сорьсон эрэгтэйчүүдээс улсын хошой аварга Н.Сод-Эрдэнэ мөн 7.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн 1700 хүртэлх чансаатай шатарчдын ангилалд “Гэгээн арвай” клубийн Б.Жавхлан найман хожил, нэг тэнцээгээр 8.5 оноо цуглуулж, нэг ч ялагдалгүйгээр тоглолтыг хошуучлан дэлхийн аваргаар шалгарчээ. 113 тоглогчоос 98 дугаар байрт бичигдсэн тэрбээр багийнхнаасаа хамгийн өндөр амжилт гарган эх орондоо 25 дахь алтан медалийг авчирсан юм. Түүнтэй нэг ангилалд тоглосон “Chess mind” клубийн М.Батням долоон оноогоор хүрэл медаль гардав. Тэгвэл эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаатай тоглогчдын ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин, Азийн аварга Э.Одмаа дэд байр эзэлж, “Стейниц Монголын шатрын академи”-ийн З.Наранзаяа хүрэл медальтай өндөрлүүлжээ. Манайхан энэ удаа тус бүр хоёр алт, мөнгө, хүрэл нийт зургаан медаль хүртсэн амжилтаар багаараа түрүүлж, Казахстан улс (тус бүр нэг алт, мөнгө) удаалан, Малайз нэг алт, хоёр хүрэл медальтай III байрт жагслаа.