АНУ, Британи, Италийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар 2083 он гэхэд дэлхий дээрх хүн дүрст роботын тоо 10.3 тэрбумд хүрч, хүн төрөлхтөнтэй эн зэрэгцэх магадлалтай байна. Милан, Эксетер, Рокфеллерийн их сургуулийн судлаачид “Хэзээ андройдууд хүнээс олон болох вэ” сэдэвт судалгааныхаа хүрээнд математик загвар боловсруулж, 4096 хувилбар тооцоолжээ.
Тэдний тооцоолсноор 2025 онд дэлхий дахинд ойролцоогоор 10 мянган хүн дүрст робот байсан бол 2050 онд нэг тэрбумд хүрэх төлөвтэй. Хэрэв зөвхөн хүн л роботыг зохион бүтээж, үйлдвэрлэх уламжлалт аргаар явбал 2100 он гэхэд тоо нь дөрвөн тэрбум орчимд хүрч, хүн амаас цөөн хэвээр байх аж. Харин үйлдвэрт ажиллаж буй роботууд өөрсдөө шинэ “популяц” бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмбэл 2083 он гэхэд 10.3 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амтай тэнцэх эрсдэлтэй гэнэ.
Гэвч хүнээс олон болсноор роботууд бие даан сэтгэж, хүн төрөлхтөнд ноёрхлоо тогтооно гэж ойлгох нь хэт өрөөсгөл гэдгийг судлаачид анхааруулжээ. Мөн цахилгаан эрчим хүч, хагас дамжуулагч чип, түүхий эд, хөрөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах тул 2083 он бол гарцаагүй биелэх ирээдүй бус, зөвхөн технологийн хөгжлийн нэгэн боломжит хувилбар аж.
У.Цэцэг