Жил бүрийн арваннэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ дутуу төрөлтийг таниулах сар болгон тэмдэглэдэг. Энэ удаа “Жижиг нярай ч том боломж” уриан дор тэмдэглэж буй бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д дутуу нярайн тусламж, үйлчилгээний ололт, үр дүн, тулгамдаж буй асуудал, эмнэлгээс гарсны дараах урт хугацааны хяналт, өсөлт, хөгжил, эхийн сүүний ач холбогдлыг таниулах өдөрлөг зохион байгуулав. Эл өдөрлөгт эмч, мэргэжилтнүүд дутуу төрсөн нярайн асаргааны талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөв.
Энэ үеэр 650 гр жинтэй дутуу төрсөн нярай өдгөө гурван нас хүрч, эрүүл саруул өсөн торниход нь тус хүргэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудтай эцэг, эхийнхээ хамт уулзан, талархал илэрхийлсэн байна. Өдгөө тус эмнэлэгийн Нярайн эрчимт эмчилгээний хоёр тасгийнхан жилд 3000 орчим дутуу нярайд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ онд Дутуу тээлт судлалын тасгийнхан 800 орчим дутуу нярайг асарч сувилжээ. Хамгийн бага нь 600 гр жинтэй нярай эмчлүүлж буй юм. Тус тасгийнхан 32 долоо хоногоос өмнө төрсөн дутуу нярайн тусламж, үйлчилгээг хариуцдаг аж. Дутуу нярайн тархи, төв мэдрэл, хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцоо нь гүйцэд хөгжөөгүй байдаг тул эрчимт эмчилгээ, асаргаа сувилгаа нэн чухал.
Дэлхий нийтэд 10 хүүхэд тутмын нэг нь дутуу төрдөг байна. Харин манай улсад нийт төрөлтийн 6.3 хувийг дутуу төрөлт эзэлдэг аж. Үүнээс сэргийлэх олон улсын чиг хандлага өөрчлөгдөж, зөвхөн жирэмсэн үеийн хяналт, эмчилгээнд бус, жирэмслэхээс өмнө эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж бууруулахад анхаарах болжээ. Тухайлбал, ийм эрсдэлийг бууруулахын тулд өмнө нь дутуу төрсөн, зулбасан бол мэргэжлийн эмчид хандаж, жирэмслэхээс өмнө зөвлөгөө авах, амны хөндийн үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлж, эмчлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн илүүдэл жин, таргалалт болон хэт туранхай байх нь дутуу төрөх эрсдэлийг нэмдэг аж.
Ч.Болор