БНСУ-ын Боловсролын сайд Чой Гё Жиний огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён уржигдар хүлээн авчээ. Тэрбээр их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ашиглан хуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь төлөвлөж, зохион байгуулж чадаагүйдээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
БНСУ-ын их, дээд сургуульд элсэгчдийн нэгдсэн шалгалт буюу “Сүннын” энэ сарын 19-нд болжээ. Жил бүр 500 мянга орчим сурагч оролцдог уг шалгалтын дүн залуусын цаашдын боловсрол, ажил мэргэжлийн замналд чухал нөлөө үзүүлдэг тул улс орон даяар өндөр ач холбогдол өгдөг юм. Гэвч энэ жилийн шалгалтын өмнө хиймэл оюун ашиглан хуулсан хэрэг дуулиан дэгдээжээ. Тодруулбал, мэргэшсэн татварын нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан 34 настай эрэгтэй өнгөрсөн долоодугаар сард болсон шалгалтын үеэр нууц камер, ухаалаг утас ашиглан даалгавраа хиймэл оюунд илгээж, хариултыг нь авснаа хүлээн зөвшөөрсөн аж. Тэрбээр нийт 160 асуултын 159-д нь зөв хариулжээ.
Энэ хэргийн дараа эрх баригчид элсэлтийн шалгалтын үеэр цахим төхөөрөмж ашиглахаас сэргийлэх журмыг богино хугацаанд хэд хэдэн удаа өөрчилсөн байна. Тухайлбал, нууц камер ашиглахаас сэргийлж шалгуулагчдын хувцасны товчийг наалтаар битүүмжлэх, танхимд зөвхөн харандаатай оруулах, мөн гар утсаа хураалгаагүй сурагчдыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд гурван удаа яаралтай дохиоллын зурвас илгээх зэрэг арга хэмжээ авчээ. Гэвч шалгалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө журмыг удаа дараа өөрчилсөн нь сурагчид, эцэг, эх, багш нарын дунд төөрөгдөл, бухимдал үүсгэсэн байна.
Сайд Чой Гё Жин огцрох хүсэлтдээ “Шалгалтын бэлтгэл ажлын явцад олон өөрчлөлт оруулсан нь шалгуулагчид болон олон нийтэд хүндрэл учрууллаа. Салбар хариуцсан сайдын хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэлээ хангаж чадаагүй гэх шүүмжлэлээс ангид байж болохгүй. Шалгалт нэгэнт дууссан тул хариуцлагаа бүрэн хүлээж, огцрох хүсэлтээ гаргаж байна” хэмээжээ.
Э.Сүйлэн