УИХ дахь АН-ын бүлэг зарим аймгийн Засаг даргыг огцруулсан талаарх асуудлыг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэв. Энэ тухай танилцуулга мэдээллийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
Увс аймгийн ИТХ энэ сарын 4-нд ээлжит бусаар хуралдаж, төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар Засаг дарга Э.Насанбатыг огцруулах 39 дүгээр тогтоолыг баталсан билээ. Түүнийг хуурамч дипломоор төрийн албанд томилогдсон, 3.4 тэрбум төгрөгийн тендерийг бизнесийн хамтрагчдаа хууль бусаар олгосон гэх хоёр үндэслэлээр огцруулсан бол Ерөнхий сайд Н.Учрал уг тогтоолыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг тус аймгийн ИТХ-ын даргад албан бичгээр хүргүүлжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Засаг даргыг огцруулах эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргах зохицуулалттай ч намынхнаа хамгаалж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байгааг АН-ынхан шүүмжлэв. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн “Э.Насанбатын хууль зөрчсөн үйлдэлд хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг албан тушаалтныг АТГ-аар шалгуулна. Хуурамч диплом ашигласан, “төсвийн” хууль зөрчсөн хүнийг хамгаалж буйд харамсаж байна” гэв.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг мөн ИТХ-ын төлөөлөгчид нь огцруулж, энэ талаарх шийдвэрээ Ерөнхий сайдад хүргүүлсэн ч өдий хүртэл эцэслээгүй аж. Булган аймгийн АН-ын дарга Г.Ганбаатар “Д.Пүрэв- Очирыг хуурамч бичиг баримтаар Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлолт авч, ИТХ-ыг мэхэлсэн байж болзошгүй асуудлаар огцруулсан. Ерөнхий сайд хууль дээдлэх зарчмаа дагаж, Булган аймгийг улс төрийн гацаанаас гаргах хэрэгтэй” гэв. Харин АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Хууль зөрчсөн нь тогтоогдсон Э.Насанбат, Д.Пүрэв-Очир нарыг чөлөөлөхгүй бол Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэцэд, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-д өгч шалгуулна. АТГ, цагдаа, прокурорууд шударга ажиллаж буй, эсэхийг “хянах” мөрдөн шалгах албыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дэргэд байгуулах нь зүйтэй. Ийм хуулийн төслийг АН-ын бүлэг санаачилна” гэсэн юм.
Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. ХҮН намын зөвлөл ээлжит хурлаараа Зөрчлийн болон Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.10 дугаар заалттай холбоотойгоор байгуулсан, УИХ-ын гишүүн П.Наранбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхний танилцуулгыг сонсжээ.
Ж.Сувд