“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хоёр ч хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл нэгийг нь шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгснийг АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгасан юм. Нийслэлийн прокурорын газраас Д.Үнэнбатад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтыг үндэслэн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүлсэн билээ.
Д.Үнэнбат нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулахын тулд 2024 оны нэгдүгээр сарын 16-нд 60 сая, уул уурхайн бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх ажлыг зохион байгуулж, өөртөө давуу байдал бий болгохын тулд мөн оны дөрөвдүгээр сарын 30-нд 80 сая төгрөг дээрх албан тушаалтан болон гүйцэтгэх захирал Г.Дугаржав нарт Дархан-Уул аймаг дахь нэгэн зочид буудлын зогсоол дээр өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж.
Шүүх Д.Үнэнбатад холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оноожээ.