Дэлхийн орнуудын авлигын индексийг тодорхойлдог “Транспаренси интернейшнл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Петер Айген энэ сарын 12-15-нд манай улсад ажиллаж байна. Петер Айген нь эдийн засгийн хөгжил, засаглалыг сайжруулах чиглэлээр олон жил ажилласан бөгөөд энэхүү санаачилгыг удирдаж, авлигын эсрэг 1993 оноос хойш тууштай тэмцэж байгаа нэгэн аж. Дэлхийн дахины авлигатай тэмцэж буй түүний энэхүү хөдөлмөрийг өндрөөр үнэлж 2013 онд ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн гавьяаны “Их загалмай” одонгоор шагнажээ. Тэрбээр өчигдөр иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, авлигын асуудлаар илтгэл тавин, санал солилцсон юм. Ингэхдээ манай орны авлигын талаар бус, авлигатай тэмцэхэд дээрх байгууллагынхан хэрхэн ажиллах шаардлагатайг зөвлөлөө. Энэ үеэр Петер Айген “Сэтгүүл зүйн салбарын хувьд аль ч оронд авлигатай тэмцэж буй шилдэг туршлага алга байна. Хэвлэл мэдээллийн байгууллага авлига, хээл хахуультай тэмцэх зам нь олон улсын түвшинд дардан биш гэдгийг үүнээс харж болно” гэв. Ардчилсан орны хөгжлөөс хамгийн их чангааж, эдийн засгийн хор хохирол учруулан, их хэмжээний хөрөнгө шамшигдуулах боломж бүрдүүлдэг зүйл бол авлига. Ялангуяа, газрын баялаг ихтэй оронд авлига цэцэглэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс Петер Айген Уул уурхай, олборлох салбарын ил тод байдлын санаачилга хэмээх уул уурхайн авлига, хээл хахуулийн асуудлыг авч үздэг байгууллагыг үүсгэн байгуулж, манай салбараа нээсэн бөгөөд энэ удаа тус салбарын үйл ажиллагаатай мөн танилцсан байна. Р.Оюун