Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа. Эдгээр аж ахуйн нэгж нь “Ханбогд кашимер”, “Янмал” компани, , “Саян-Уул”, “Look Mongolia” компани, “Алтан жолоо” групп болов. “Ханбогд кашимер” компани түүхий ноолуур угаах, самнасан ноолуур болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 1999 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Жилд 93 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. “Янмал” компани үндэсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэмээний болон ноолууран оймс үйлдвэрлэдэг гурван салбар үйлдвэртэй. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэн 14 ажилтандаа хашаа байшин авч өгсөн байна. Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 22 жил үйл ажиллагаа явуулж буй “Алтан жолоо” групп 920 ажилтан, ажилчидтай. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Шинээр 486 ажлын байр гаргажээ. “Саян- Уул” компани мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. 2013 онд үйлдвэрийн аргаар боловсруусан 37 нэр төрлийн 145837.8 тонн мах махан бүтээгдэхүүнийг нийслэлийн хүн амд зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр хямд борлуулсан байна. 1000 тоннын багтаамжтай, орчин үеийн стандартад нийцсэн зоорийг ашиглалтад оруулаад байгаа аж. Тэгвэл “look Mongolia” компани аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найдвартай татвар төлөгч байгууллага юм байна. Эдгээр байгууллагын хамт олонд Захирагчийн ажлын албанаас амжилт хүсэж, цаашид олон санал санаачлага гарган нийслэлчүүдийнхээ төлөө хамтран ажиллахыг хүслээ.