Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Залуу удирдагч” соёл солилцооны нийгэмлэгийн ерөнхийлөгч А.Эрдэнэсайхан нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд гадаад харилцааны цар хүрээгээ өргөжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, олон улсын иргэний болон сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдах монгол залуусыг дэмжих аж. Мөн манлайлагч оюутан залуусын англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цөөнгүй ажил зохион байгуулах юм байна. Үүнээс гадна МЗХ-ны дэргэдэх олон улсын залуучуудын CORE клубын үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтарч, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд танилцуулах, залуусын санал бодлыг сонсох, уулзалт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, үр дүнг бодлогодоо тусган ажиллах болжээ.
“Залуу удирдагч” соёл солилцооны нийгэмлэг нь 65 жилийн түүхтэй, дэлхийн 124 улсын гишүүнчлэлтэй, манлайлал хөгжлийн туршлагаараа хамгийн том залуучуудын сүлжээ байгууллага. Уг нийгэмлэгийг манай улсад 2008 онд байгуулсан, өдгөө албан ёсны 100 гаруй гишүүнтэй аж.