ЭМЯ-ны Ниймгийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэнгээс эбола вируст халдварын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) энэ сарын 8-наас хойших мэдээллээ ирүүлээгүй байна. Энэ хугацаанд дэлхийн найман оронд 8399 хүн уг халдвараар өвчилж, 4033 хүн буюу 48 хувь нь нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан байсны 233 нь нас барсан. Халдвар эрчимтэй тархсан Гвиней, Либери, Сьерра-Леоне болон баруун Африкийн бусад улсаас манайд ирж буй хүмүүсийг Хилийн мэргэжлийн хяналтын газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан хянаж, шалган, шаардлагатай тохиолдолд нутаг буцааж байна. Нигери улсын нэг иргэнийг буцаасан тохиолдол гарсан.
-Уг халдвар манайд орж ирсэн гэсэн мэдээлэл гарсан. Үнэн үү?
-Манайд ийм тохиолдол гараагүй. Ташаа мэдээлэл.
-Баруун Африкийн улсуудаас гадна манайхан ажиллаж, амьдардаг болон олноороо зорчдог Европын зарим улс болон АНУ-д халдвар гарсан. Эдгээр улсаас хэчнээн хүн ирж байна вэ. Нарийн шалгаж байгаа юу?
-Халдвар гарсан газруудыг голомт болон зөөвөрлөгдсөн орон гэж хоёр ангилж буй. Баруун Африкийн улсууд бол уг халдварын голомт учир тэндээс ирэх хүн бүр аюул дагуулах эрсдэлтэй. Харин Европын улс болон АНУ-д энэ халдвар зөөвөрлөгдөж очсон тул халдвартай хүнтэй ойр байсан эрүүл мэндийн болон хил, гаалийн ажилтнаас бусад хүн төдийлэн аюултай бус гэж ДЭМБ-аас зөвлөж байгаа. Гэсэн ч манайхан ирэх хүн бүрийг нягтлан шалгаж, тодорхой асуумжуудыг бөглүүлж байгаа. Хэчнээн хүн ирж байгаа талаарх тоо мэдээллийг манайд одоогоор мэдээллээгүй байна.