Дорноговийн нутаг дэвсгэрээс хагас үнэт чулуу олборлох иргэд эрс олширсонтой холбогдуулан тус аймгийн Засаг даргын энэ оны А/312 тоот захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулжээ. Хууль бусаар чулуу олборлосон иргэдэд хариуцлага хүлээлгэх, газрын хэвлий ухаж төнхөх явдлыг таслан зогсоох зорилготой уг Ажлын хэсэг Иххэт суманд гэхэд хууль бусаар өнгөт чулуу олборлодог нийт 16 айл өрхийн 159 иргэн байгааг тогтоон, тээврийн 57 хэрэгсэлтэй нь бүртгэлжүүлж, түүсэн 233 кг өнгөт чулуу, 75 маажуур хураан авч сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна. Чулуу түүгч иргэдийг ажлын байртай болгох, хууль тогтоомжийн дагуу олборлох, чулуугаар бүтээгдэхүүн хийж орлогыг нь нэмэгдүүлэх боломжийг Дорноговийн удирдлагууд судалж байгаа аж.