Дорнод аймгийн Халхгол сумаас байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүгийн 5.8 тонн үндэс хууль бусаар бэлтгэн, Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Халхгол сумын ажилгүй иргэд нэлээд хэдэн жилийн өмнөөс зун, намрын улиралд дэрэвгэр жиргэрүүгийн үндэс түүж борлуулдаг болсон байна. Сүүлийн жилүүдэд энэ ургамлын нөөц эрс багассан учир хилээр гаргахыг хориглож, бага хэмжээгээр түүхийг зөвшөөрсөн. Энэ онд БОНХЯ Халхгол сумын нутгаас дэрэвгэр жиргэрүү бэлтгэн тээвэрлэх зөвшөөрлийг таван аж ахуйн нэгжид олгожээ. Эдгээр аж ахуйн нэгж нийтдээ 20 тонн үндэс түүх зөвшөөрөлтэй юм байна. Тэд Халхгол сумын ЗДТГ-т байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлж, түүсэн үндсээ наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд тээвэрлэхээр болсон аж. Эдгээр компанийн нэг болох Улаанбаатар хотын эмийн нэгэн компанийн таван тонн үндсийг хувиараа ачиж явсан иргэн тус компанийн зөвшөөрлийн бичгээр халхавч хийн, хууль бусаар 5.8 тн үндэс тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллага тогтоосон байна.