Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг зөвшилцөв. Оросын талаас хувь нийлүүлэгч болон компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг өөрчлөх тохиолдолд Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг ОХУ-ын Засгийн газар, эсвэл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар болсны дагуу хэлэлцээрт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь энэ төслийг дэмжсэнээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тогтов.