Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүнийг нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцэв. 1984 онд баталсан тус конвенцийг манай улс 2000 онд баталсан. Энэ удаа дээрх конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох, эсэхийг хэлэлцсэн нь энэ. НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооноос Монгол Улсыг 2002 онд баталсан энэхүү нэмэлт протоколд нэгдэн орохыг зөвлөсөн аж. Тус нэмэлт протоколыг соёрхон баталснаар
Хүний эрхийн үндэсний комиссыг түшиглэсэн тусгайлсан тогтолцоо бий болох ач холбогдолтой гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүх явдал газар авч байгаа, олон сар жилээр цагдан хорьсоноос болж хүний амь эрсэдсэн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүнийг буруутай мэтээр мэдээлж, нэр төрд нь халдаж байгаа нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан. Энэ тухайд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Эрх зүйн орчин төдийлөн сайжраагүй байгаатай холбоотой” гээд “эрүүдэн шүүх” гэсэн ойлголтыг нарийвчлан тусгасан Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд буйгаа дурдсан юм. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, цагдан хорихтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн хуулийн төсөл санаачилснаа ирэх сард өргөн барих гэж буйгаа дуулгалаа. Тэдгээр төсөлд сэжигтэн, яллагдагчийг мөрдөн шалгах явцад заавал хорих бус цахим гав хэрэглэн албадлагын арга хэмжээ авахаар тусгасан юм байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 96 хувь нь төслийг соёрхон батлахыг дэмжив.