Нийслэлийн цагдаагийн газрын даргаар иргэдийн санал асуулгаар сонгогдсон хурандаа Чойжанцангийн Болдбаатарт маргааш 11.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл батламжийг нь гардуулж өгөхөөр болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны хуульд “Хотын цагдаагийн газрын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцсөний үндсэн дээр хотын захирагч томилно” гэж заасны дагуу Э.Бат-Үүл, тэргүүн комиссар С.Баатаржав нар зөвшилцөөд хурандаа Ч.Болдбаатарыг албан тушаалд нь томилохоор болсноо зарлах аж. Хурандаа Ч.Болдбаатар нь өдгөө НЦГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй юм.