Байгалийн ховор ургамал болох дэрэвгэр, жиргэрүү ургамлын 5.8 тонн үндсийг нийслэл рүү хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Дорнод аймгийн Халхгол сумынхан дулааны улиралд дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг түүж, амьжиргаагаа залгуулдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд энэ ургамлын нөөц эрс багассан тул хилээр гаргахыг хориглож, бага хэмжээгээр түүхийг зөвшөөрсөн. Энэ онд БОНХЯ-наас Халхгол сумын нутгаас дэрэвгэр, жиргэрүү бэлтгэн тээвэрлэх зөвшөөрлийг таван байгууллагад өгчээ. Тэд нийт 20 тонн үндэс түүх зөвшөөрөлтэй аж. Харин дээрх таван компанийн нэг нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүг хувиараа ачиж явжээ. Тэд зөвшөөрлийн бичгээрээ халхлан хууль бусаар 5.8 тонн үндэс түүсэн байна.
Б.АНАНД