..Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүүхдийн дуу хоолой, үзэл бодолыг илэрхийлэхэд идэвхтэй дэмжигч байх ёстой....
Эх хүн байна гэдэг ховорхон аз тохиол
Хүн болж төрнө гэдэг ховорхон аз тохиол. Зүүний үзүүр дээр будаа тогтоохтой ижил амаргүй замыг туулж бий болсон үрээ зүгээр л авахуулчихдаг тохиолдол олон бий.
Авахуулна гэдэг нь мөчлөөд хусах, цус алдуулж гаргах гээд бичихэд л үзэг маань чичирхийлэх энэ гашуун үйлдлийг ихэнх тохиолдолд эр хүн ойлгохгүй. Есөн сар тээчихээд энгэртээ наан тэвэрч ч үл чадан өмөлзүүлээд хагацал үзнэ гэдэг хэцүү. Ертөнцийн гурван хэцүүг нэрлэвэл эх үрийн хагацалыг хамгийн түрүүн хэлэх байна.
Бурхан газар луу илгээсэн хүүгээ хайрлуулж, хамгаалуулахаар тэнгэрийн элч илгээсэн юм гэдэг. Тэр тэнгэрийн элч нь эх хүн бөгөөд үр хүүхдээ хэзээд ч амьнаасаа илүү хайрлах үүрэгтэй. Тийм ч учраас ээжүүд хүүхэд төрүүлсэндээ хэзээ ч харамсдаггүй гэдэг. Гэвч ар гэр болоод нийгмийн аливаа асуудал эсвэл мунхгаасаа болоод төрүүлсэн үрээ өсгөж чадахгүйн зовлон тохиолдох нь бас бий. Энэ гачлангийн дунд хүүхэд хамгийн ихээр хохирдог нь харамсалтай. Эцэг эхийн хайр халамжинд бөмбөрч байх насан дээрээ асрамжийн газарт амьдрах хүүхдүүд ч цөөнгүй.
Хүүхдийн эргэн тойронд энэ мэтчилэн маш олон асуудал байдаг. Тэдний эрх байгаа бүхий л орчиндоо зөрчигдсөөр байдгийг амбаарт долоон жил хоригдсон хүүгээс авахуулаад төрсөн эцэгтээ заазуурдуулсан хүүгийн гашуун жишээнээс ч харж болно. Тэр ч бүүхэл эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эрхээ зөрчүүлэх, шалтгаан үүсдгийг би дээр дурдах гэж оролдлоо Гэхдээ ил гарсан нь энэ болохоос тэдний цаана хэчнээн хүүхэд доголон нулимстай явааг таахын аргагүй.
Тэдний эрхийн талаар олон нийтийн хэрэгслээр төдийлэн авч хэлэлцдэггүй. Тиймээс бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эргэн тойрон дахь асуудлыг цувралаар сурвалжлахаар зорилоо.
Нэн түрүүн анхаарах асуудал бол “хүүхэд үрчлэл” юм. Монголчууд бид аливаа хүүхдийг гэр бүлтэй болгох, юун түрүүнд эцэг эхтэй байлгах тал дээр анхаардаг билээ. Харин хүүхэд үрчлэл нь хэрхэн явагддаг, үүнд хэрхэн мэдрэмжтэй , уян хатан хандаж буйг дараагийн нийтлэлдээ бичих болно.
М.Болорцэцэг