“Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр барьж байгаад зогссон “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилгыг Төрийн өмчийн хорооны нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан. Долоо удаа хойшлогдсон тухайн барилга байгууламжийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК худалдаж авсан талаар мэдээлж байсан билээ.
Тэгвэл “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн төлөөлөгчид “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилгыг олон талаас нь эдийн засгийн судалгаа хийсний үндсэн дээр нээлттэй дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцон худалдаж авсан. Манай компани боловсролын салбарт хөрөнгө оруулан, энэ чиглэлээр ажиллахаар байгуулагдсан. Тэр утгаараа тус барилга, байгууламжийг дунд сургуулийн зориулалтаар ашиглахаар зорьж байна. Тухайн нутаг дэвсгэрт нийтийн орон сууц, хороолол босгож байгаа ч ойр орчимд нь сургууль дутагдаж байгааг судалгаагаар тогтоосон. Харин ямар боловсрол, сургалтын арга хэлбэрийг сонгон нэвтрүүлэх талаар тусдаа мэргэжлийн баг гарган ажиллаж байна. Юун түрүүнд бид барилга, байгууламжаа дэлхийн жишигт ойртсон аюулгүй, таатай орчинд хүүхдүүд сурч боловсрох орчныг бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар дуусаагүй барилга, байгууламжийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Барилга, байгууламжийг хүлээн авсны дараа барилгын ажилд орно”хэмээсэн юм.