Статистикийн ерөнхий газраас мэдээлснээр манай Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 70-аад мянган иргэн байдаг байна. Эдгээрээс нийслэл хотод 23000 орчим нь амьдардаг. Тэдний тулгамдаж буй чухал асуудлуудын нэг нь саадгүй зорчих зориулалтын зам, гарц байдаг. Тэгвэл Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос ХАХНХЯ-ны харъяа СЗХҮТ, Дүлий иргэдийн үндэсний холбоо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран төрийн үйлчилгээ үзүүлэгч албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газруудын шинээр баригдсан явган хүний зам, гүүрэн гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломж бүрдсэн эсэхэд үнэлгээ хийхээр боллоо.
Тэд өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахын тулд хяналт, үнэлгээ хийх зорилгоор "Зам барилгын хүртээмжид хийх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлгээ-2014" үйл ажиллагааг энэ сарын 14-20-ны хугацаанд зохиож байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг хангахад чиглэсэн “Иргэний барилгын төлөвлөлтөд тэдний шаардлагыг тооцсон орон зайн орчин, Үндсэн шаардлага 6055-2009”, “Авто замын байгууламж Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056-2009” гэсэн гурван стандарт батлагдан хэрэгжиж байна.
Үнэлгээг зохион байгуулахдаа дээрх стандартуудын үзүүлэлтийн дагуу гаргасан үнэлгээний хуудас ашиглан, сонгон авсан зам барилгууд дээр нэг бүрчлэн хэмжилт хийж, стандартын хэрэгжилт ямар байгааг үнэлэх аж.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бодитоор явж үзэн бэрхшээл байгаад эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм